Нүгэлтэн буянтны дүрээр буюу цар тахлын үеэрх гэмт хэрэгтнүүдийн тус
2020-04-24

Дэлхий даяар цар тахал дэгдэж, улс орнууд хүндхэн нөхцөл байдалд ороод байгаа энэ үед хууль бусаар хөрөнгө олдог гэмт хэргийн бүлэглэлүүд нутгийн оршин суугчдад туслан, төрөл бүрийн хэрэгцээт бараа тарааж байгаа талаарх мэдээлэл дэлхийн хэвлэлүүдээр гарах болов. 

 

Афганистаны талибууд алслагдмал бүс нутгууд руу эмч нарын баг илгээж, үүнийг нь АНУ ч дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол Мексикийн хар тамхины бүлэглэлүүд, Италийн мафи ядууст хүнс, хэрэгцээт бараа тарааж эхэлсэн талаар Washington Post, Daily Mail, ВВС  зэрэг олон улсын томоохон агентлагууд мэдээлжээ. Мөн нөхцөл байдлыг өөрсөддөө ашигтайгаар эргүүлж, байр сууриа олж авах олон алхам хийж байгаа гэнэ. 

 

Тухайлбал, "Аль-Каида" бүлэглэлтэй холбоотой, Сомалигийн " Аль-Шалаб" бүлэглэлийн дайчид цар тахал дэгдсэнд "улс орон руу нь довтолсон загалмайтнуудын хүчин" буруутай хэмээн үзсэн бол Йемений хуситууд COVID-19  вирусийн халдвартай амны хаалтыг агаараас цацаж байна гэж Саудын Арабыг буруутгажээ. 

 

Харин бусад гэмт хэргийн бүлэглэлүүд цар тахлын үеэр засгийн үүргээс "хуваалцахаар" шийдсэн бололтой. Эдгээрийн нэг нь Италийн мафи. Олон нийтийн сүлжээгээр дээрэмчид Италийн Кампани, Калабри, Сицили, Апули зэрэг ядуу дүүргүүдэд хүмүүст нэн хэрэгцээт бараа тарааж байгааг харуулсан дүрс бичлэгүүд тарах болов. 

 

Сицилийн "Коза Ностра" гэмт бүлэглэлийн толгойлогчийн ах Палермод хүмүүст хоол хүнс тарааж, ийм байдлаар буяны үйлс хийхийг хүссэн гэж ярьжээ. Харин Неаполд "Каморра" мафийн гишүүд хүнсний бүтээгдэхүүн тараасан гэнэ. Харин энэ нь эрх баригчдын сэтгэлд нийцсэнгүй, улмаар хотын ядуу дүүргүүдэд цагдаагийнхан хяналтаа сайжруулах болжээ.

 

Италийн албан тушаалтнууд энэ тусыг тааламжтайгаар хүлээж авсангүй, Палермо хотын дарга гэмт хэрэгтнүүдийг "цар тахлын улмаас ядуурсан хүмүүсийн зовлон дээр дөрөөлж байна" хэмээсэн бол Италийн Дотоод хэргийн сайд Лучана Ламорожезе мафиуд үүгээрээ эгнээндээ шинэ хүмүүс элсүүлэхээр хичээж байна гэж мэдэгдсэн байна.

 

Өвчин, тахал дэгдсэн энэ үед Мексикт ч хар тамхины бүлэглэлүүдийн үйл ажиллагаа идэвхэжжээ. Мексикийн Мичоакан мужид "Лос-Виаграс" бүлэглэлийн гишүүд хүмүүст ууттай хүнс тараасан бол "Гольфо" бүлэглэл Тамаулипас мужид элсэн чихэр, цөцгийн тос болон бусад бүтээгдэхүүнийг багцлан хийсэн хайрцагнуудыг оршин суугчдад тараасан байна. 

 

Афганистанд үйл ажиллагаа явуулдаг "Талибан" хөдөлгөөнийнхөн ч цар тахалтай өөрсдийнхөөрөө тэмцэхээр шийджээ. Тэд энэ өвчнийг "хүн төрөлхтний нүглийн төлөө өгсөн бурхны шийтгэл" хэмээн үзэж байгаа бөгөөд гэлээ гээд гар хумхин суусангүй хүмүүст саван, бээлий, амны хаалт тарааж байгаа гэнэ. Мөн энэ хөдөлгөөний тусгай багууд хүмүүст цар тахлын үед хэрхэн аюулгүй байдлыг хангах талаар заавар зөвлөмж өгч байгаа аж.

 

"Та нар гэмт хэргээ л зогсоовол энэ чинь том тус болно"

Зохион байгуулалттай гэмт хэрэг гаарсан улс орнуудад ийнхүү нүгэлтнүүд буянтны дүрээр үйл ажиллагаа явуулж байгаа нь эрх баригчдын эгдүүцлийг төрүүлж байна.

 

Тухайлбал, Мексикийн ерөнхийлөгч Мануэль Лопес Обрадор хүмүүст хүнс тарааж байгаа хар тамхины бүлэглэлийнхнийг шүүмжилсэн байна. Тэрбээр ядууст туслахын оронд хүчирхийллээ зогсоох ёстой гэж үзэж байгаа аж.

 

"Завшааныг ашиглан , зохион байгуулалттай гэмт хэрэг үйлддэг хүмүүст хандан үг хэлье. Та бүхэн тусламж тарааж байгааг би харсан. Энэ бидэнд тус болохгүй, харин гэмт хэрэг үйлдэхээ л зогсоовол энэ чинь том тус болно" хэмээн Мексикийн Ерөнхийлөгч мэдэгджээ.  


Гэмт хэргийн бүлэглэлүүд өөрсдийнх нь гарт амиа алдсан болон тэдний гэр бүлийнхэнд хичнээн зовлон шаналал авчирдгаа бодох хэрэгтэй гэж Мексикийн ерөнхийлөгч онцолсон байна. Тэрбээр ийнхүү мэдэгдэх болсон нь дээр өгүүлсэн гэмт бүлэглэлүүдийн үйлдэл болон өдгөө шоронд хоригдож байгаа "Эль Чапо" хочит Хоакин Гусманы охин ч буяны үйлстэн болон хувирсантай холбоотой аж. Түүний охин El Chapo 701 гэх брэндийнхээ логог байрлуулсан хайрцагтай хүнснүүдийг оршин суугчдад тараажээ. 

 

Дэлхийн хамгийн чинээлэг гэмт хэрэгтнүүдийн тоонд багтдаг Хоакин Гусманы охины компани хар тамхины бизнестэй холбоогүй ч түүнийг ийнхүү Эль Чапо логотой бараа тарааж байгаа нь эрх баригчдын дургүйцлийг төрүүлсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин