Хосгүй үнэт үзмэр: Төрийн дээд шагнал Эрдэнийн очир одон
2020-04-24

Монголын Үндэсний музей нь албан ёсны цахим хуудсаараа дамжуулан сан хөмрөгтөө хадгалагдаж буй түүх, соёлын хосгүй үнэт үзмэрээ дээжлэн цувралаар хүргэж байгаа билээ. Өнөөдрийн дугаарт XX зууны үед холбогдох “МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ ЭРДЭНИЙН ОЧИР ОДОН ” үзмэрийг толилуулж байна.

 

Материал: Алт шармал, биндэрьяа, тана, хөх цэнхэр тууз

 

Хэмжээ: урт Өндөр 11.5 см, өргөн 5.5 см, жин 40 грамм

 

Холбогдох он цаг: ХХ зуун 16.

 

“МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ ЭРДЭНИЙН ОЧИР ОДОН" үзмэр 1911 онд тусгаар тогтнолоо зарлан тунхагласан Монгол улс нь тусгаар улс орны хувьд Монголын тусгаар тогтнолыг дэмжих, хүлээн зөвшөөрүүлэх их хэрэгт хувь нэмэр оруулсан олон орны янз бүрийн албаны хүмүүсийн гавьяаг хүндэтгэн шагнах зорилгоор Төрийн дээд одон Эрдэнийн очирыг бий болгожээ.

 

Монгол улсын төрийн гавьяаны тэргүүн, дэд, гутгаар зэргийн Эрдэнийн очир одонгийн зураг болон дүрмийг 1912 оны сүүлчээр батлан гаргаж улмаар буриад Наваан хамбыг Хаант Оросын нийслэл Петербург хотноо захиалан үйлдүүлэх хэргээр томилон одуулсан байдаг. Буриад Наваан хамба Петербург хотын “Ювелирг К.Бокь ” хэмээх орос пүүстэй гэрээ хэлэлцээр байгуулж, Монгол улсын Тэргүүн зэргийн одонг 19-22 рубль, Дэд зэргийн одонг 12-17 рубль, Гутгаар зэргийн одонг 8-12 рублиэр тус тус захиалж хийлгэсэн байна. Монгол улсын Эрдэнийн очир одонгийн тусгайлан гаргасан дүрэмд Тэргүүн зэргийн Эрдэнийн очир одон нь: 1. Чингис хааны одон 2. Автай сайн хааны одон 3. Өндөр гэгээний одон гэсэн 3 дэстэй ба шижир алтаар хийсэн солбисон алтан очирын төв дунд ба оройд цөм сувд шигтгэнэ. Оосор нь шар лент байна.

 

Тэргүүн зэргийн Чингис хааны одонгийн ард нь Монгол улсын эртний Богд Чингис хааны Эрдэнийн Очир хэмээн цоолборлож, тусгайлан олон улсын хаанд олгосугай. Дэд зэргийн Эрдэнийн Очир одон нь: 1. Вангийн 2. Бэйлийн 3. Бэйсийн 4. Гүнгийн гэсэн 4 зэрэг ба алт шармал мөнгө, оосор улаан. Солбисон хоёр очир бүхий тус одонгийн төв дунд нь улаан эрдэнийн чулуу, оройд нь цулгуй шүр, биндэрьяа, номин чулуу шигтгэсэн.

 

Дэд Эрдэнийн Очир одонгийн Вангийн зэргийн ар талд Монгол улсын Ван зэргийн Эрдэнийн Очир хэмээн цоолборлож, олон улсын үе улиран залгамжлах хэргэмт сайд ба олон явдал яамны хэргийг ерөнхийлэн шийтгэх сайдууд, тэргүүн зэргийн элчин сайдууд, шагнан олгосугай. Гутгаар зэргийн Эрдэнийн Очир одон нь: 1. Тэргүүн зэрэгт түшмэлийн 2. Дээд зэрэгт түшмэлийн 3. Гутгаар зэрэгт түшмэлийн 4. Дөтгөөр зэрэгт түшмэлийн 5. Тавдугаар зэрэгт түшмэлийн гэсэн 5 зэрэгтэй ба алт шармал зэс, оосор хөх. Солбисон хоёр очирын дунд цулгуй сийлбэртэй шүр, биндэрьяа, номин цүүшлэн шигтгэнэ гэж тус тус заажээ.

 

Монгол улсын Эрдэнийн Очир одонгийн дүрэмд заасан гурван зэргийн одонгоос Монголын Үндэсний музейд Гутгаар зэргийн Эрдэнийн очирын 4 болон 5 дэсийн түшмэлийн зэргийн одон хадгалагдаж байна. ГУТГААР ЗЭРГИЙН ДӨРӨВДҮГЭЭР ЭРДЭНИЙН ОЧИР ОДОН Алт шармал, номин, тана, хөх цэнхэр тууз Өндөр 11.5 см, өргөн 5.5 см, жин 40 грамм Тус Гутгаар зэргийн дөрөвдүгээр Эрдэнийн очир одон нь солбисон алтан очир түүний төв дунд номин шигтгэсэн ба ард нь дөтгөөр зэрэг гэсэн монгол бичигтэй. Одонгийн дүрэмд тус одонг “ Олон улсын цэргийн даргад шагнан олгосугай” хэмээн тодорхойлон заажээ.

 

ГУТГААР ЗЭРГИЙН ТАВДУГААР ЭРДЭНИЙН ОЧИР ОДОН Алт шармал, биндэрьяа, тана, хөх цэнхэр тууз Өндөр 11.5 см, өргөн 5.5 см, жин 40 грамм Солбисон алтан очир бүхий тус одонгийн төв дунд биндэрьяа шигтгэсэн ба одонгийн дүрэм ёсоор ар талд Монгол улсын тавдугаар зэргийн түшмэлийн одон хэмээн цоолборлож бичих ёстой боловч тухайн үйлдвэрээс уг тэмдэглэгээг хийлгүй орхисон байдаг.

Shuud.mn
Сонин хачин