COVID-19: Итали, АНУ-д хязгаарлалтыг сулруулж, дэлхийд өвчилсөн хүний тоо 2,9 сая болов
2020-04-27

Дэлхий даяар COVID-19 вирусийн халдвар авсан хүний тоо 2,9 сая давж, аюулт өвчний улмаас 206 мянга орчим хүн нас баржээ. Харин Европын орнуудад нас баралт буурч, зарим орон хөл хорионы арга хэмжээгээ сулруулж эхэллээ. Мөн АНУ-ын ихэнх мужууд ч хязгаарлалтын арга хэмжээгээ цуцалж эхэлсэн бол Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон ажилдаа эргэн оров. 

 

Европын орнуудаас хамгийн хүнд нөхцөлтэй байгаа Итали улс тавдугаар сарын дөрөвнөөс эхлэн зарим хязгаарлалтын арга хэмжээг цуцлахаар болсон талаар тус улсын Ерөнхий сайд Жузеппе Конте мэдэгджээ. Түүний өгүүлснээр баар, зоогийн газрууд хоол хүргэлтийн үйлчилгээ эрхэлж болох гэнэ.

 

Урьдын адил, италичууд өөр муж руу аялж болохгүй, гэхдээ муж дотроо зорчих боломжтой болох аж. Түүнээс гадна амны хаалт зүүж, цөөхүүлээ хамаатан садныдаа очиж болох гэнэ. Мөн цэцэрлэгт хүрээлэнгүүд нээгдэх бөгөөд гэхдээ энд олуулаа зугаалж болохгүй гэсэн журам хэвээр үйлчлэх юм байна.

 

Хэдийгээр хязгаарлалтын арга хэмжээнүүдийг сулруулж байгаа ч өөрийгөө тусгаарлах арга хэмжээнүүд дахин хэдэн сар үргэлжлэхийн дээр сүмийн үйл ажиллагааг хориглосон хэвээр байна гэдгийг Италийн Ерөнхий сайд анхааруулсан байна.

 

Итали улсад вирусийн халдварын улмаас нас барсан хүний тоо Европ тивд хамгийн өндөр хэвээр байгаа бөгөөд сүүлийн үеийн мэдээллээр  197,6 мянган хүн COVID-19 вирусээр халдварлаж, үүнээс 26,6 мянган хүн нас баржээ. Гэхдээ энэ улсад халдвар тархах хурд буурч байгаа бөгөөд ням гаригт 260 хүн нас барсан гэж мэдээлсэн нь гуравдугаар сарын 14-ний өдрөөс хойших хамгийн бага үзүүлэлт юм.

 

Испани хүүхдүүд гадаа гарах боломжтой болов 

 

Испанид зургаан долоо хоног хатуу хөл хорио үйлчилсний эцэст хүүхдүүд гадаа гарч тоглох боломжтой боллоо. Испанийн Ерөнхий сайд Педро Санчес 14-өөс доош насны хүүхдүүдийн тусгаарлалтын журмыг сулруулжээ.

 

Ингэснээр хүүхдүүд гэрээсээ нэг километрийн радиуст өдөрт нэг цаг салхилж болох гэнэ. Гэхдээ хүүхдийн тоглоомын талбайнууд урьдын адил хаалттай, харин унадаг дугуй, скутер, скейтборд унаж, тоглохыг зөвшөөрчээ.

 

Испанид хоногт вирусийн улмаас нас барсан хүний тоо 300-аас бага бүртгэгдсэн нь сүүлийн үед тохиосон хамгийн бага үзүүлэлт бөгөөд Испанийн Эрүүл мэндийн сайд "энгийн амьдралдаа" эргэн ороход ойрхон байна хэмээн мэдэгджээ.

 

АНУ-ын мужууд хөл хориогоо сулруулав

 

Хэдийгээр баасан гаригт АНУ-д халдвар авсан хүний тоо дахин нэмэгдсэн ч энэ улсын мужууд хөл хорионы арга хэмжээнүүдээ сулруулсаар байна.

 

АНУ-д COVID-19 вирусийн халдвар болон үүнээс үүдсэн нас баралтын тоо дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад өндөр байгаа юм. Энэ улсад халдвар авсан хүний тоо 985 мянга болсон бол 55,3 мянган хүн вирусийн халдварын улмаас нас баржээ.

 

Өмнө нь АНУ-ын хүн амын 90 орчим хувь нь хөл хорионы нөхцөлд амьдарч байсан бол өнгөрсөн долоо хоногоос Жоржи, Оклахома, Аляск, Өмнөд Каролина зэрэг мужууд хязгаарлалтын зарим арга хэмжээг сулруулсан бөгөөд энэ долоо хоногт ч хөл хориог шат дараатайгаар  цуцлахаар төлөвлөжээ.

 

Колародо мужид баасан гаригаас эхлэн үсчин, шивээсний салонууд нээгдсэн бол Теннеси мужид өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 27-ны дава гаригаас зоогийн газрууд үйл ажиллагаагаа сэргээх бол Монтана мужид ням гаригаас эхлэн сүм хийдэд мөргөл үйлдэхийг зөвшөөрсөн байна.

 

Жонсон эргэн ирэв 

 

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон даваа гаригт ажилдаа эргэн орохын тулд ням гаригт Даунинг-стрит дэх албан өргөөндөө эргэн ирсэн талаар ВВС мэдээллээ. Сар орчмын өмнө тэрбээр COVID-19 вирусийн халдвар авсан нь тогтоогдож, улмаар эмнэлэгт эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаад эдгэрэн гарсан юм.

 

Ийнхүү Ерөнхий сайд нь өнөөдрөөс ажилдаа орж байгаа бол Британийн арми иргэдийг вирусийн оношилгоонд хамруулах ажилд туслахаар болсон байна. Их Британи даяар 96 хөдөлгөөнт цэг байгуулах бөгөөд эдгээр цэгүүд дээр тусгай сургалтад хамрагдсан цэргийн албан хаагчид "гол ажилтнуудаас" амны хөндийгөөс нь дээж авах аж.

 

Гол ажилтнууд гэдэг нь эмч, ахмадын асрамжийн газрын ажилтнууд, цагдаа, гал сөнөөгчид болон хүмүүстэй шууд харилцдаг мэргэжлийн хүмүүсийг хэлж байгаа юм байна.

 

Эдгээр хүмүүсийн амны хөндийгөөс авсан дээжийг томоохон лабораториуд руу илгээн, хариуг 48 цагийн дараа гаргах аж. 

 

Энэ сарын сүүл гэхэд өдөрт 100 мянган оношилгоо хийнэ гэж Британийн эрх баригчид мэдэгдсэн ч одоогоор өдөрт 30 мянгаас давахгүй байгаа гэнэ.

 

Шүлсээ хаяхгүй байхыг уриаллаа

 

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди иргэддээ хандан мэдэгдэл хийхдээ гэртээ байж, хүмүүсээс зай барьж, гудамжинд шүлсээ хаядаг зуршлаасаа татгалзахыг уриалсан байна.

 

Энэ улсад бямба гаригаас эхлэн жижиг дэлгүүрүүдийг үйл ажиллагаагаа сэргээхийг зөвшөөрсөн бөгөөд гэхдээ ажилтнуудын тал хувь нь л ажиллах ёстой, тэд бүгд амны хаалттай байж, хүмүүс хоорондын зай баримтлах ёстой гэсэн шаардлага тавьжээ.

 

Энэтхэг улсад, дөрөвдүгээр сарын 27-ны байдлаар, халдвар авсан хүний тоо 26,9 мянга болж 5914 хүн эдгэрсэн бол 826 хүн нас барсан байна.

 

Уханий эмнэлгүүдэд нэг ч өвчтөн үлдээгүй 

 

Өнгөрсөн оны сүүлээр анхлан COVID-19 вирус дэгдсэн Хятадын Хубэй мужийн Ухань хот халдвар авсан сүүлчийн өвчтөнийг эдгээн, эмнэлгээс гаргасан талаар БНХАУ-ын эрх баригчид мэдэгдлээ. Цар тахлын анхдагч голомт болсон энэ хот гурван сарын хугацаанд хөл хорионд байсан юм.

 

Харин одоо эмнэлэгт халдвар авсан нэг ч хүн байхгүй бөгөөд өвчин нь хүндэрч, эмчлүүлж байсан сүүлчийн өвчтөн эдгэрч, түүнийг баасан гаригт эмнэлгээс гаргасан гэсэн албан ёсны мэдээлэл гарчээ. 

 

Өнгөрсөн оны 12 дугаар сард анхлан цар тахал дэгдсэнээс хойш Хятадад нийтдээ 84,3 мянган халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 56 хувь нь Ухань хотод гарсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Albaar:
Albaar toohgui bsan sh dee. Tegj dotooddoo ih haldvar gargaj bj virus taraasan geh hel amnaas holdoj bgaa yum.
2020-04-30
Америк европын орнууд хоёр сар коронавирусийн халдварыг тоохгүй өнгөрөөсний гор нь гарч байна даа.
2020-04-27