Бүрэлдэхүүн тэлэн өрсөлдөх бие даагчид
2020-04-28

 

УИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэл ажил цаг хугацааны хуваарийн дагуу явагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвших эрхмүүдийн мөрийн хөтөлбөрийг Үндэсний аудитын газар хүлээн авч дууслаа. Бие даан нэр дэвших хүмүүсийн мөрийн хөтөлбөрийг дөрөвдүгээр сарын 25-ыг хүртэл хүлээн авах хуулийн хугацаатай.

 

Энэ жилийн УИХ-ын ээлжит сонгуульд 208 эрхэм бие даан нэр дэвшин өрсөлдөхөөр холбогдох материалаа хүргүүлсэн байна. Энэ нь байнгын ажиллагаатай парламенттай болсноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт. Тодруулбал, 1992 онд 18, 1996 онд 35, 2000 онд 15,  2004 онд 27, 2008 онд 45, 2012 он 26,  2016 онд 69  эрхэм  тус тус бие даан нэр дэвшиж өрсөлдөж байсан байна. 1996 оны УИХ-аас бусад парламентад бие даагчийн төлөөлөл сонгогдсоор иржээ.

 

Өнөөдрийн парламентад гэхэд УИХ-ын гишүүн С.Жавхлан бие даагчийг төлөөлж байгаа. Ер нь 2000 оны УИХ-ын ээлжит сонгуулиар бие даан нэр дэвшиж сонгогдсон Л.Гүндалай гишүүн тангараг өргөснийхөө дараахан шууд л АН-д элсэж байлаа. Тухайн үед парламентад МАХН /одоогийн МАН/ 72 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулсан. Ингэхдээ УИХ-ын сонгуулиар ганц суудал авсан АН парламент дахь бие даагчийг тусгай болзолтойгоор элсүүлж, нам бус Л.Гүндалай сонгогчдын саналыг үл хүндэтгэн, намын дэд дарга болж улс төрийн карьераа суга өсгөж байв. Түүний энэ үйлдэл бие даан нэр дэвшиж байгаа эрхмүүд парламентад сонгогдохоороо аль нэг намд элсэж, улс төрийн эрх ашгаа дээгүүрт тавьдаг гэсэн үл итгэлцлийг сонгогчдод өгч, сөрөг хандлагыг авчирсаныг дараа дараагийн ээлжит сонгуулийн дүн харуулсаар ирсэн.

 

Харин энэ удаад бие даагчид олноор нэр дэвшихээр бүртгүүлсэн нь улс төрийн намуудын үйл ажиллагаа, сонгогчдын хандлага, хувь улстөрчийн үйлдэл зэрэг олон хүчин зүйл нөлөөлсөн биз.

 

Сонгуулиар аль нэг тойрогт бие даан нэр дэвшээд өрсөлдөгчийнхөө саналыг хуваах, эсвээс сонгуулийн сурталчилгааны явцад аль нэг улс төрийн хүчнээс нэр дэвшигчийг дэмжиж орж байна нэрээ татах зэрэг улс төрийн тохироо явагддаг. Тэгээд ч энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуулиар олны танил эрхмүүд, нэртэй улстөрчид, тухайн тойргийн нутаг дэвсгэрт танигдсан нэгэн бие даан нэр дэвшихээр горилжээ. Тэр дундаа сөрөг хүчин АН-ын гишүүдээс Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, хотын экс мэр Э.Бат-Үүл бие даан нэр дэвшихээ мэдэгдээд, СЕХ-нд бүртгүүлсэн бол  АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа ч гишүүнчлэлээсээ татгалзаж, нар бие даан нэр дэвших бор шувуу явж байгаа.Мөрийн хөтөлбөрөө хүргүүлээд байгаа 208 бие даагч дотор УИХ-ын бие даагч гишүүн С.Жавхлан, УИХ-ын Тамгын газрын дарга асан Ц.Цолмон, Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга нарын нэрс явж байна лээ.

 

Харин эрх баригч хүчин МАН-ын тухайд Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх “Намын даргын хувьд сонгуульд өөрийн багаа авч орно” гэдгээ мэдэгдсэн. Эрх баригч хүчин МАН сонгуулиар нэр дэвшигчдээсээ ямар нэг хандив, татаас авахгүй, хуулийн дагуу явуулна гэж байгаа. Тиймээс МАН хэн хэнийг нэр дэвшүүлэх нь бүрхэг хийгээд ЖДҮ, “60 тэрбум”-д нэр холбогдсон гишүүдийг нэр дэвшүүлэхгүй гэж олон нийт үзэж байгаа бол У.Хүрэлсүхийн баг ямар байхыг ажиглагчид харж байна. МАН-аас МАХН тусгаарлагдсаны дараагаар  гишүүд сонгуулиар буурь сэлгэх үзэгдэл давтагдсан. МАН-аас нэр дэвших эрхгүй бол МАХН руу хадаг барин угтуулж, дараагийн сонгуулиар эргээд тохироонд хүрч, МАН-даа ирэх зэрэг үзэгдлийг Д.Тэрбишдагва, Ч.Улаан нараар жишээлж болно. Харин энэ удаагийн сонгуулиар зарим улстөрчид намыг гишүүнчлэлээ хэрхэн өөрчлөхийг таашгүй, юутай ч МАХН-ын гишүүн О.Баасанхүү АН-ын гишүүнчлэлээ сэргээгээд байгаа. Хэдийгээр улс төрийн аль нэг хүчинд гишүүнээр элсэх, татгалзах нь хувь хүний эрх гэдэг ч улстөрчдийн хувьд тохироо бүрдэх эсэхээс хамаардаг.

 

Тиймээс өөрийн болон өрөөл бусадтай тохироонд хүрээгүй зарим улстөрчид бие даан нэр дэвшихээр бүртгүүлсэн эрхмүүд дотор ч цохиж яваа.

 

УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөх нь хүний эрх ч  бие даагчийн зорилго сонгуулийн сурталчилгааны явцад илүү тодрох биз ээ. Юутай ч энэ удаагийн сонгуулиар бие даачдын бүрэлдэхүүн хүрээгээ тэлж өссөн байна. 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
Монгол ардын намыг сонгож олонхийн суудалтай болгож хүрэлсүхээр засгийн газраа дахин удирдуулая. Ардчилсан нам болон бие даагчдыг харахаар бөөлжис хүрч байна.
2020-04-29
Энэ бие даагчдын нэг нь ч гарч чадахгуй
2020-04-28
irgen:
huuchin namuudad baisan hymyys bie daana gedeg sejigtei l um baina…yamar neg um bas bodoj tohirch orj baigaa ulsuud baina daa, itgeh naidah um gej algadaa…namuud denchin avch huuli zorchood, bie daagchid bas neg nairaa tohiroo baigaa bol er ni ard tymen uhaantai baij mash nariin bodoj songolt hiih heregtei um baina, zalitai hymyysiin zali duusahgui umaa
2020-04-28
Зочин:
Ардчилсан ардын хоёр намыг иргэд сонгохгүйг мэдээд томчууд нь бие дааж тойрог хэсэж сольж нэрээ дэвшүүлж эхэлж байгаа юм биз дээ нэг мөр нэрээ нүүрээ сольчихгүй дээ
2020-04-28