"Танхимын сургалтыг нээх асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэнэ"
2020-04-28

Улсын Онцгой комиссын 20 дахь удаагийн хурлаас гарсан шийдвэрүүдийн талаар Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар дэлхийн  3 сая 64 мянган хүн халдвар авч, 211534 хүн нас барсан  байна. Хойд хөрш ОХУ-д нийт 87147 иргэн халдвар авч, 24 цагийн дотор тохиолдлын тоо 6198-аар нэмэгдэж, 794 хүн нас барлаа.  АНУ-д нэг сая гаруй хүн халдвар авч, 24 цагийн дотор халдвар авсан хүний тоо 23196-ээр нэмэгдэж, 36797 хүн нас барсан байна.  БНХАУ, Франц, Япон, Турк Энэтхэг, ХБНГУ, БНСУ  улсын нөхцөл байдал амаргүй байна. Манай улсын хувьд коронавирусийн батлагдсан тохиолдол 38 болсон. Тусгаарлалт, ажиглалтад байгаа иргэдийн дотор эхний хоёр шинжилгээгээр  коронавирусийн шинжилгээний хариу сөрөг гарсан ч гуравдахь удаагийн  шинжилгээгээр  хариу нь эерэг гарсан тохиолдол бүртгэгдсэн.

 

Шадар сайдын тушаалаар батлагдсан  ажлын хэсгээс долоо дахь удаагийн эрсдэлийн үнэлгээ  хийхэд манай улс  маш өндөр эрсдэлтэй улсын тоонд багтлаа. Тиймээс “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх” хугацааг тавдугаар сарын 31-нийг дуустал сунгаж байна.

 

Эх орондоо ирэх хүсэлт гаргасан нийт 9890 иргэн байна. Тиймээс өөрийн улсын иргэдээ татан авах  ажил үргэлжилнэ.  Нислэг хязгаарласан хугацаа сунгагдаж, улсынхаа иргэдийг зөвхөн Алтанбулаг, Буянт-Ухаа, Замын-Үүд гэсэн гурван боомтоор авах шийдвэр хэвээр байгаа. Хэрвээ ОХУ, БНХАУ-ын иргэд эх орондоо буцах хүсэлт гаргавал авто замаар тээвэрлэж гаргах ажлыг зохион байгуулна.

 

УОК-ын хурлаар мөн зарим мэргэжлийн болон бусад танхимын сургалтын үйл ажиллагааг үе шаттай нээх асуудлыг энэ долоо хоногт болох хуралдаанаар эцэслэн шийдэж Засгийн газрын хуралдаанд оруулахаар боллоо.


Энэ сарын 30-нд УБ-Сөүл чиглэлийн транзит нислэг хийнэ.Тавдугаар сарын 01-нд БНСУ-д түр оршин сууж байгаа  иргэд, тавдугаар сарын 02-нд Франкфуртын  иргэдээ авах нислэг үйлдэнэ. Мөн ОХУ-аас иргэдээ  ээлж дараагаар татан авчрах шийдвэр гаргалаа" гэлээ.

 

Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдэд тавих шалгуур:

 

Эрүүл мэндийн шалтгаантай/ хүнд өвчний улмаас эмнэлгийн магадалгаагаар гадаад улсад эмчилгээнд явсан/

 

Жирэмсэн

 

Бага насны хүүхэд

 

Өндөр настан зэрэг байна

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин