ТБХ: Хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
2020-04-28

 

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.04.28) хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

 

    Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулах үеэр, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржоос 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн  Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан ч Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “9.1.Хуралдаанд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар хууль санаачлагч танилцуулга хийнэ”, “18.4.Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх эсэх асуудлаар хэлэлцүүлэг явуулах үед гишүүд хууль санаачлагчаас төслийн үзэл баримтлалын талаар асуулт асууж, үг хэлж болох бөгөөд үзэл баримтлалыг дэмжих эсэх асуудлаар цөөнх болсон гишүүн нэгдсэн хуралдаанд үг хэлэх хүсэлтээ Байнгын хорооны санал, дүгнэлтэд тусгуулж болно” гэж тус тус заасныг үндэслэн төсөл санаачлагч гишүүн орон нутагт албан томилолттой яваа тул  хэлэлцүүлгийг хойшлуулахаар болсныг мэдэгдлээ. 

 

     Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат, Х.Болорчулуун нарын 22 гишүүнээс 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. 

 

 

    Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн талаарх анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсөн. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн  холбогдох заалтыг үндэслэн тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Тухайлбал,  “Энэ тогтоолын гурав дахь заалтад заасан барааны үндэсний кодыг 2020 оны 08 дугаар сарын 01-ний дотор батлах”, “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27  дугаар тогтоолын 4 дэх заалтаар Монгол Улсын Их Хурлаас эрх олгосны дагуу мөн тогтоолын хавсралтын 7 дугаар бүлэгт заасан хязгаарт багтаан барааны гаалийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох”, “Дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зорилгоор Дэлхийн худалдааны байгууллагын хамгаалалтын арга хэмжээний тухай хэлэлцээрт нийцүүлэн хамгаалалтын арга хэмжээний тухай журмыг батлан хэлэлцээрийн хүрээнд үйлчлэх импортын тоо хэмжээний хязгаар болох гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох” гэж тус тус өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжлээ. Иймд “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх  Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

 

    Хуралдаан Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжилллээ. 

 

    Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх  Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон. 

 

    Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 7 гишүүнээс  2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн  хэлэлцүүлгийг хийв.

 

    Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсөн. Иймд хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Ажлын хэсгээс төслийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсгийг “40.4.Засгийн газар төрийн аудитын байгууллагын төсвийн төслийг бууруулахгүйгээр улсын төсвийн төсөлд тусгаж Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж өөрчлөн найруулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. 

 

    Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон  гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Shuud.mn
Сонин хачин