В.Путин: Дайны дараах хамгийн хүнд сорилттой дэлхий нүүр туллаа
2020-04-29

ОХУ-ын Ерөнхийлөгч ард иргэддээ хандан дахин мэдэгдэл хийлээ. 

 

COVID-19 вирусийн цар тахлын улмаас ОХУ-д тусгаарлалт, хөл хорионы арга хэмжээ аваад багагүй хугацаа өнгөрч байна. Улмаар иргэдийг орлоготой байхын зэрэгцээ өөрийгөө тусгаарлах горимыг мөрдүүлэхийн тулд дөрөвдүгээр сарын гуравныг дуустал цалинтай амруулах шийдвэрийг тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин гаргаж байлаа. 

 

Энэ шийдвэрийг дахин сунгаж, дөрөвдүгээр сарын 30-ныг дуустал Оросын ажил эрхлэгч иргэд цалинтай амрах боломжтой болж байв. 

 

Харин сүүлийн өдрүүдэд ОХУ даяар COVID-19 вирусийн халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж, өвчлөлийн тоогоор Орос улс Хятадыг давсан юм. 

 

Үүнтэй холбоотойгоор ажлын бус өдрүүдийг дахин сунгаж, тавдугаар сарын 11 хүртэл иргэд цалинтай амрах шийдвэрийг дөрөвдүгээр сарын 28-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гаргажээ. Энэ нь COVID-19 вирусийн дэгдэлттэй холбоотойгоор Оросын нутаг дэвсгэр дээр хүн амын эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангах зорилготой гэж Оросын Ерөнхийлөгчийн албан ёсны цахим хуудас болох kremlin.ru мэдээлжээ. 

 

Энэ шийдвэрт тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа, эмнэлгийн, эмийн сангийн байгууллагууд, хүн амыг хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээр хангаж буй дэлгүүрүүд болон цар тахлын үеэр ажиллах шаардлагатай бусад байгууллагуудын ажилтнууд хамаарахгүй юм байна. 

 

Агаарын парад болно 

 

ОХУ-ын Ерөнхийлөгч ард түмэндээ хандан хийсэн ээлжит мэдэгдэлдээ тавдугаар сарын есөнд тохиодог Ялалтын баярыг хэрхэн тэмдэглэх талаар мэдээлэл хийлээ. 

 

Түүний өгүүлснээр, тавдугаар сарын есний өдөр баатруудад хүндэтгэл үзүүлэн агаарын парад болох бөгөөд энэ парадад орчин үеийн байлдааны онгоцууд болон нисдэг тэрэг оролцох юм байна. Харин тавдугаар сарын есний үдэш хотуудад баярын ёслолын буудлага уламжлал ёсоор болох гэнэ. 

 

"Бидэнтэй хамт байхгүй, Аугаа их эх орны дайны цэргүүдээ бид дурсана. Мэдээж, амьд сэрүүн байгаа ахмад дайчиддаа баяр хүргэнэ. Бид тэднийг тэврэх боломжгүй ч хамгийн сайхан үгсийг хэлэх боломжийг хайна. Гэр гэртээ үр ач нартайгаа гэрэл зургийн цомгоо дэлгэн, дайны тухай, тэр жилүүдийн үйл явдлуудын тухай өвөг дээдсээсээ сонссон түүхээ ярьж, "День Победы", "Катюша" дууг дуулцгаана" хэмээн Путин мэдэгджээ.

 

Мөн Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулан төлөвлөж байсан арга хэмжээнүүд болох Улаан талбайн парад, "Мөнхий хороо" маршийг цар тахлын нөхцөл байдлыг давж, аюулгүй болсон үед заавал зохион байгуулна гэж Путин онцолсон байна.

 

Түүнчлэн өнөөгийн нөхцөл байдал дайны дараах түүхэн дэх хамгийн хүнд сорилт гэж тэрбээр мэдэгджээ. 

 

"Дайны дараах түүхэн дэх хамгийн хүнд сорилттой дэлхий нийт тулгараад байна. Дайны үетэй зүйрлэх аргагүй нь мэдээж. Гэхдээ бид дайсантай тэмцэж байгаа гэдгийг сайтар ойлгох ёстой. Гол цохилтыг манай эмнэлгийн ажилтнууд авч байна. Тэд өдөр бүр амь насаа эрсдэлд оруулж, бусдыг аварч, биднийг анхаарал болгоомжтой байхыг сануулж байна. Тэд өнөөдөр эмнэлгийн фронт дээр бидний төлөө тулалдаж байна" хэмээн Владимир Путин мэдэгджээ. 

 

Энэ мэдэгдлийн үеэр Владимир Путин ОХУ даяар авах нэмэлт арга хэмжээнүүдийг дуулгасан байна. Тухайлбал ирэх сарын тавныг хүртэл Засгийн газар болон Төрийн зөвлөлийн дэргэдэх ажлын хэсэг бүс нутгуудад хөл хорио болон тусгаарлалтын горимыг сулруулах журмыг боловсруулах үүрэг өгчээ. 

 

Мөн мужуудын захирагч нар тухайн бүс нутагт тусгаарлалт, хязгаарлалтын арга хэмжээг сулруулах талаар өөрсдөө бие даан шийдвэр гаргах бөгөөд гэхдээ тавдугаар сарын 12-ноос хойш, шат дараатайгаар, Засгийн газрын зөвлөмжийн дагуу арга хэмжээ авах гэнэ. 

 

Энд дуулгахад, ОХУ-д дөрөвдүгээр сарын 28-ны байдлаар COVID-19 вирусийн халдвар авсан хүний тоо 93558 болсон бөгөөд сүүлийн нэг хоногт 6411 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Анх тус улсад нэгдүгээр сарын сүүлээр халдварын тохиолдол бүртгэгдэж байсан, энэ хугацаанд 8456 хүн эдгэрч, 867 хүн нас баржээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Чечень татарыг дарж устгасан шигээ вирусыг устгана гэж Путин ерөнхийлөгч маань хэд хоногийн өмнө хэлсэн
2020-05-01
зев
2020-05-01
Хэдхэн сар л хөл хорьж байна дайн бол хэдэн жил үргэлжилсэн
2020-04-30
Вирус их тархвал өөрсдөд нь ч аюултай баймаар юм
2020-04-30
ene yamar teneg novsh be
2020-04-29
Зочин:
АНУ ОХУ гэсэн хоёр том улс цөмийн зэсгийн араас хөөцөлдөж арчаагүйтэж явахаа одоо больж үз. одоо үед цөмийн зэвсгээр хүчирхэг эсэхийг дүгнэдэг цаг үе ард хоцорсон. энэ хоёр улс ичиж амьдрах хэрэгтэй
2020-04-29
зев
ene yamar teneg novsh be