COVID-19: Цар тахлын үеэрх зөв зуршил томуугийн дэгдэлтийг бууруулж байна
2020-04-29

COVID-19 вирусийн цар тахалтай тэмцэх болон үүнтэй холбоотойгоор авч хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд нь улирлын томуугийн тархалтыг багасгах боломжтой гэж Британийн Төв Ланкаширийн их сургуулийн эрдэмтэд мэдэгджээ. 

 

Энэ нь цар тахлын үеэр хүмүүс гараа тогтмол угаах зэрэг зөв зуршилтай холбоотой гэж Британийн эрдэмтэд мэдэгдсэнийг ВВС дамжууллаа. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, цар тахал гарахаас өмнө Британийн эрчүүдийн 32 хувь, эмэгтэйчүүдийн 64 хувь нь нийтийн ариун цэврийн өрөөнд орсныхоо дараа гараа угаадаг байсан бол одоо британичуудын 83 хувь нь бие засах газарт орсныхоо дараа гараа тогтмол угаадаг болсон гэнэ.

 

Мөн хүмүүс хоорондын зай барьж, өөрийгөө тусгаарлаж сурсан, сургуулиудыг хаасан зэрэг нь эерэг хүчин зүйл болж байгаа гэдгийг эрдэмтэд онцолсон байна. Дархлаа нь сул байдаг хүүхдүүд хичээлийн үеэр улирлын томуугаар өвдөх эрсдэлтэй бүлэгт багтдаг аж. 

 

Британийн эрдэмтдийн энэхүү дүгнэлт амьдрал дээр ч хэдийнэ батлагдсан юм. Тухайлбал Япон улсад 2020 оны хоёрдугаар сард томууны өвчлөл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 60 хувиар буурчээ. Мөн Европын орнуудад ч энэ хандлага ажиглагдаж байгаа бол манай улсад ч энэ үзүүлэлт буурсан гэж мэргэжилтнүүд онцолж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин