"Бидэнд туслахгүй бол өлсгөлөн зарлана"

Гадаадад байгаа монголчуудтай хийсэн онлайн ярилцлагын энэ дугаарт БНЭУ-ын Дели хотод суугаа иргэн Б-тай ярилцлаа. Иргэн Б нэрээ нууцлахыг хүссэн юм.
-БНЭУ-д нөхцөл байдал ямар байна вэ?
-Дөрөвдүгээр сарын 28-ны байдлаар 30 мянган хүн коронавирусийн халдвар авсан байна. Өдөртөө +40 градусын халуунтай. Хөл хорионы дэглэм тавдугаар сарын 03-ныг хүртэл тогтоосон байгаа ч нөхцөл байдлаас шалтгаалж цааш сунгагдах эсэх нь шийдэгдэнэ. Халдварт өвчин, өлсгөлөн, үймээн самууны аюул маш их байна. Гадуур гарах, хүнс цуглуулах, эмийн сан орох боломжгүй. Бидэнтэй ижил буудалд байрлаж байгаа өөр улсын иргэд өрөөний утас руу залгаж “өрөө рүү чинь ормоор байна. Хаалгаа онгойлго, үгүй бол дайраад орно шүү” гэж дарамтлах юм. Буудлаасаа гарахаар бүр ч хэцүү.
Эндэхийн иргэд нь эсэргүүцэж, саваадах, мотоцикль унаад явж байгаа бол дайрах гэж оролдох гэх мэт маш аюултай нөхцөл байдалд байна. Тиймээс байрлаж байгаа буудлынхаа эзнээс гуйж дэлгүүр явахад нь захиж авахуулах, ариун цэврийн хэрэглэл хэрэгтэй болох үед буудлынхаа цэвэрлэгч залууг гуйж дэлгүүрээс авахуулж байна. Энэ асуудал жижиг зүйл боловч маш хэцүү байгаа. Монголчуудын хувьд эмчилгээ хийлгэхээр ирсэн, түр хугацаагаар сургалтад суухаар ирсэн хүмүүс, ламаахай нар байна. Санхүүгийн хүнд байдалд орж айлын тариан талбай, агуулахад амьдарч байгаа хүмүүс ч бий. Ямар ч шим тэжээлгүй, махгүй хоол хүнс хэрэглэж байгаа болохоор хүмүүсийн биеийн байдал муудаж байна. Ахмад настай хүмүүс эмчилгээ хийлгэх гэж ирээд нөхцөл байдал ийм болсон болохоор байнга эх орныхоо зүг харуулдаад сууж байна.
-Эмийн сан, үйлчилгээний байгууллагууд нь Ази иргэдэд үйлчлэхгүй байгаа гэсэн үү?
-Тиймээ. Эм авахаар эмийн сан ороход эмийг санд эм тариа байсан ч бидэнд зарахгүй гэсэн. Ази хүмүүст үйлчлэхгүй. Хүнс өргөн хэрэглээний барааны төвүүд нь хүртэл үйлчлэхээс татгалзаж байна.
-Амны хаалт хүрэлцээтэй байна уу?
-Бид гадуур гарахгүй байгаа болохоор амны хаалт зүүхгүй байна. Хөл хорио тогтоохоос өмнө хэдэн ширхэг амны хаалт авсан. Тэрийгээ эх орондоо очих гээд явахдаа зүүе гэж бодоод хадгалж байна.
-Энэтхэг улсад хоол хүнсний хомсдол үүсэж, иргэд нь өлсгөлөнд нэрвэгдэж байна гэсэн мэдээлэл гарч байгаа. Өдөрт юу идэж байгаа вэ?
-БНЭУ-ын 1,3 тэрбум хүнд шууд хорио цээр тогтоосноор улс нийтээрээ хоол хүнсний хомсдол үүсэж иргэд өлсгөлөнд нэрвэгдсэн. Өвчин, өлсгөлөн зэрэг гарч байгаа болохоор Ази хүмүүст дургүй байна. Жишээ нь, гадуур гарвал коронавирус явж байна гэж чичлэх гэх мэт...
Бид маш их өлсөж байна. Одоо юм ярьж байгаа болохоор бүр ч их өлсөж байна. Өдөрт хоёр удаа хоол иддэг. Өглөө 08:00 цагт өндөг идээд, орой нэг юм иднэ. Хоол, ус нь таарахгүйгээс болоод харшлах , ходоод өвдөх, хэт халуунаас болж даралт ихсэх, зүрх өвдөх зовууртай байна.
-Буудлын сарын түрээс нь монгол мөнгөөр тооцвол хэдэн төгрөг вэ?
-Монгол мөнгөөр тооцвол 70-80 мянган төгрөг.
-БНЭУ-д суугаа манай улсын Элчин сайдын яамнаас ямар арга хэмжээ, тусламж дэмжлэг үзүүлж байна?
- Элчин сайдын яам мэдээлэхдээ монгол иргэддээ маш их анхаарал хандуулж, хоол хүнс тарааж өгч байна гэсэн. Энэ буруу, ташаа мэдээлэл. Эмчилгээнд байгаа гурван хүнийг байраар хангасан ч хоол ундны мөнгөөр дэмжлэг үзүүлээгүй байж ингэж мэдээллэх нь зохимжгүй юм. Мөн энд байгаа 400 гаруй иргэдэд хоол өгч байгаа юм шиг мэдээлж байх юм. Жишээ нь, 10 сарын сургалтаар ирсэн хүн байрнаасаа гарч байх газаргүй болчихоод хүний нутагт хандах газаргүй улсынхаа Элчин сайдын яаманд хандахад эрүүл мэндийн шалтгаантай, хүмүүстэй хамт байлгахаар байрны асуудал шийдэж өгсөн ч хоол хүнсний асуудалд нь анхаараагүй гэсэн.
-Виз сунгахад дэмжлэг үзүүлж байна уу?
-Виз сунгаж болохгүй байна. Элчин сайдын яамнаас хүлээж бай гэсэн. Гэтэл бидний визний хугацаа дуусах дөхөөд байрлаж байгаа буудлаа гаргана гэж байна. Бид буудлын эзнээс түр байлгахыг гуйж байна.
-БНЭУ-д байгаа иргэдийн ар гэрийн төлөөлөл УОК-т энэ сарын 28нд хандлаа. Хүсэлтэд хариу мэдэгдэх хугацаа тусгаж өгсөн үү?
- Манай улсын Элчин сайдын яамнаас энд 481 хүн байна гэж мэдээллэж байсан. Ямар ч байсан УОК хандлаа. Бид хариуг нь хүлээж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Гадаадад байгаа бүх монгол иргэдээ эх оронд нь авч ирнэ.” гэж байсан. Бид ч Ерөнхий сайдад найдаж байна. Гадаадаас авах иргэдэд тавьж байгаа
-Эрүүл мэндийн шалтгаантай
-Жирэмсэн
-Бага насны хүүхэдтэй яваа
-Хөгжлийн бэрхшээлтэй
Өндөр настан зэрэг бүхий л шаардлагад нийцсэн хүмүүс энд байна. Жишээ нь: Эмчилгээ хийлгэх гэж ирсэн эрүүл мэндийн шалтгаантай хүмүүс битгий хэл эрүүл мэндийн асуудалгүй энгийн хүмүүст хүртэл маш хэцүү байна. Бие өвдсөн ч халдвар авчихгүй л байх юмсан гээд эмнэлэгт ч явж чадахгүй. УОК мэдээлэхдээ байнгын нислэг үйлдэх боломжтой орнууд руугаа нислэг үйлдэх боломжтой гэлээ. Бид чинь эх оронгүй хүмүүс биш шүү дээ. Харин БНЭУ-аас манай улсын УОК, Засгийн газар зөвшөөрчихвөл тусламж, дэмжлэг үзүүлж онгоц монголруу нисгэж өгөх бүх талаар нь дэмжлэг үзүүлнэ гэсэн. Энэтхэг улсаас дэлхийн улсууд ард иргэдээ авчихсан, харин бид л үлдсэн байна.
Хүмүүсийн биеэр тууралт гарч байна. Хэрэглэж байгаа уснаас болоод тэр. Энд улс даяараа цэвэр усны хомсдол үүссэн. Бохир усыг найман удаа л цэвэршүүлээд хоол ундандаа хэрэглэж байна.
-"Хүннү Эйр" ХХК БНЭУ руу тусгай үүргийн нислэг үйлдэх боломжтой гэсэн мэдээллийг хүргүүлсэн?
-"Хүннү Эйр" ХХК нь өөрийн мэдлийн Embraer E190 онгоцоор Бүгд найрамдах Вьетнам Улсын нийслэл Ханой хотоор дамжин БНЭУ-ын Дели хот руу 88 зорчигч бүхий нислэг үйлдэх боломжтой тухайгаа УОК-т танилцуулсан. Гэхдээ УОК-оос зөвшөөрөл өгөөгүй. Байнгын нислэг хийдэг орон руугаа ниснэ гэж мэдэгдэж байна. Хэрэв бидний хүсэлтийг хүлээж авахгүй, бидэнд туслахгүй бол өлсгөлөн зарлаж, эрчүүд нь үсээ хусуулна.
-УОК-оос нислэг үйлддэггүй улс оронд суугаа иргэд бусад улс орнуудаар дамжин ирэх боломжтой гэж мэдэгдсэн?
-БНЭУ-хөл хорио тогтоож орох, гарах бүх нислэгээ зогсоосон учраас бид явах боломжгүй байна. Мөн санхүүгийн хүндрэл гарч байна.
-Олон нийтэд хандаж хэлэхэд?
- Та бидний оронд өөрсдийнхөө үр хүүхдийг оронд нь тавиад үзээрэй. Элэг нэгт монголчууд минь бас дуу хоолойгоо хүргэж туслаарай. Бид эрүүл байгаа дээрээ эх орондоо очмоор байна гэж хэлмээр байна.
-Баярлалаа. Эрүүл энх сайхан бүхнийг хүсье.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ