Буриад эхнэрийн ташаалын бэл, таван саваагүй, хэт хутга
2020-04-29

Монголын Үндэсний музей нь албан ёсны цахим хуудсаараа дамжуулан түүх, соёлын хосгүй үнэт үзмэрээ дээжлэн цувралаар хүргэж байгаа билээ. Уг цувралын өнөөдрийн дугаарт XX зууны үед холбогдох "Буриад эхнэрийн ташаалын бэл, таван саваагүй, хэт хутга" үзмэрийг  толилуулж байна.

 

 

 

Материал: Мөнгө, эвэр, булигар, мод, өнгийн утас

 

Хэмжээ: Урт 30 см

 

Холбогдох он цаг: XX зуун

 

"Буриад эхнэрийн ташааны бэл, таван саваагүй, хэт хутга" үзмэр Монгол эмэгтэйн гоёл чимэглэлийг халх, ойрад, зүүн монгол эмэгтэйчүүдийн хэмээн ерөнхийд нь ангилдаг. Халх, дарьганга, барга эхнэрүүд толгойн боолт, чимэглэлийг хэрэглэдэг бол ойрад эмэгтэйчүүд үсээ гэзэгний гэрэнд хийж, чихэндээ чимэг /сийк/ зүүдэг онцлогтой.

 

Нутаг нутгийн уран дархчууд ухааны, нүдний, гарын ураа шалгасан өөрийн гэсэн өнгө, төрх, дүр дүрслэл, онцлог шинжийг хадгалсан өвөрмөц хийц, загвартай, гоёмсог толгойн боолт, эхнэрийн гуу, сүйх, унжлага, хавчаар, хавчиг, бэл, даруулга, бугуйвч, сам, бөгж, ээмэг зэрэг эмэгтэйчүүдийн гоёл чимэглэлийг мөнгөөр урлаж, алтаар шарж, шүр сувд үнэт чулуугаар чимэглэн урладаг байжээ.

 

Таван саваагүй: Эхнэрийн төдийгүй охидын гоёл чимэглэлийн нэг нь чихний ухуур, үсний чимхүүр, шүдний чигчлүүр, хумсны цэвэрлүүр, үнэртний сав зэргийг багтсан таван саваагүй юм. Таван саваагүй нь нэг талаасаа ариун цэврийн хэрэгсэл боловч нөгөө талаараа гоёл чимэглэлийн зүйлс болгон уран гоёмсог хээ чимэгтэйгээр урлаж иржээ. Буриад эхнэр, Мянгад охидын таван саваагүйд жижиг хэт, хутга нэмж зүүдэг байна.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
зөв бичээч дээ
2020-07-04