БНХАУ: Ухань хотын "Шар тогоруун цамхаг" дахин нээгдлээ
2020-04-30

Хятадын Хубэй мужийн нийслэл Ухань хотын дурсгалт газруудын нэг болсон "Шар тогоруун цамхаг" цар тахлын улмаас удаан хугацаанд хаалттай байсны эцэст жуулчдын өмнө дахин үүд хаалгаа нээсэн талаар Синхуа агентлаг мэдээллээ. 

 

"Биднийг ямар ч бэрхшээл сөхрүүлж чадахгүй. Цамхагийг нээсэн нь Уханий ирээдүйд итгэх итгэлийг нэмэгдүүлж байна" хэмээн Сяогань хотоос ирсэн жуулчин цамхагийг үзэх үеэрээ Синхуа агентлагийн сэтгүүлчид ярьсан байна.

 

Цамхагийн хажуугаар байх хуучны гудамжинд олон дэлгүүр байрласан байх бөгөөд тэдгээр үйлчилгээний байгууллагууд ч мөн үйл ажиллагаагаа сэргээжээ. Дэлхий даяар тархсан цар тахлын голомт болсон Ухань хот дахь энэ цамхаг нэгдүгээр сарын 23-наас хойш хаалттай байсан юм.

 

Хэдийгээр хорио цээрийг сулруулан, цамхагийн үйл ажиллагааг сэргээхээр болсон ч жуулчид бүхэлд нь үзэх боломжгүй аж. Мөн жуулчид орохдоо эрүүл мэндийн лавлагаа үзүүлж, биеийн халуунаа хэмжүүлсний дараа эртний Хятадын урлагийн гайхамшгийг үзэж сонирхох боломжтой болох гэнэ. Түүнчлэн өдөрт 5400-аас ихгүй жуулчин нэвтрүүлэх журам тогтоожээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин