СЕХ-ны гишүүнээр С.Баатаржав, Б.Баасандорж нарыг томилов
2020-04-30

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар СЕХ-ны гишүүдийг  чөлөөлөх, шинээр томилох тухай асуудлыг хэлэлцлээ. СЕХ-ны орон тооны гишүүнээр Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж нарыг томилох төслийг танилцуулсны дараагаар гишүүд асуулт тавьж, хариулт авав. 

 

УИХ-ын гишүүн Б.Эрдэнэбат: 

 

-СЕХ-нд байх ёстой хүмүүс нь орж байгаад баяртай байна. Бараг босоо тогтолцоотой болж байгаа. СЕХ шийдвэр гаргах бүрэн эрхтэй. Улс төрийн намуудын улс төржилт сонгуулийн жил өндөрсдөг. Хоёрдугаар сарын 1-нээс хойш хичнээн шилжилт хөдөлгөөн хиийгдэв? Аль аймагт нэмэгдэв?

 

Нэр дэвшигч Б.Баасандорж:

 

-Улсын бүртгэлийн байгууллагаас хоёрдугаар сарын 1-нээс иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоосон. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 1-ний хооронд дунджаар иргэний шилжилт хөдөлгөөн 35-36 мянга хүрч ихэссэн. Сонгогч шилжих хөдөлгөөн СЕХ-ны 24 дүгээр зүйлээр зохицуулагдаж байгаа.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

 

-Хуулиа харах хэрэгтэй. Энэ хүмүүс сарын дараа дахиад өөрчлөгдөх үү? Цаашид жишиг тогтоомоор байна. Аймшигтай “корона”-гийн сонгууль болох гэж байна. Худал мэдээлэл гаргаад, тэр эмнэлэгт хорио тогтоолоо гээд мянга, 500-гаар нь сонгогчдыг тасдах боломжтой санагдаж байна. Би сүүлийн үед цагдаагийн байгууллагад итгэхээ болиод байна. Миний цагдаа намайг биш улс төрчдийг хамгаалдаг болоод байна, яанаа. Би Эрдэнэтдээ тайван алхаж чадахаа болилоо.

 

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар СЕХ-ны гишүүнээс Р.Содхүү, Ө.Энхтөр нарыг чөлөөлж, С.Баатаржав, Б.Баасандорж нарыг томилов.  

Shuud.mn
Сонин хачин