“Айдас үгүй, Зусар үгүй сэтгүүл зүй”-н төлөө
2020-05-03

 

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон 1994 оноос тэмдэглэсээр ирсэн юм.



Энэ өдрийг Монгол Улс “Айдас үгүй, Зусар үгүй сэтгүүл зүй” уриа дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Хил хязгааргүй сурвалжлагчид олон улсын байгууллагын гаргасан судалгаагаар Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөөрөө 2019 онтой харьцуулахад гурван байраар ухарч, 73-т орсон ажээ. Үүнд зөрчлийн хуулиар шийтгүүлсэн хүмүүсийн дийлэх нь сэтгүүлчид байсантай холбоотой хэмээн Глоб Интернэйшнл төвөөс мэдээлж байна.



Энэ өдөр хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдлыг олон нийтэд сурталчлан ойлгуулах, улс орнуудын төр, засагт иргэд олон нийтийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэх үүргийг сануулах, мөн ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудыг дурсан хүндэтгэдэг юм.

 

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлсээр байна. 

 

Нийгмийн эв нэгдлийг хангахад үнэлж баршгүй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна

 

 

Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх:

 

Ардчилсан нийгмийн суурь үнэт зүйл болох иргэний мэдэх эрхийг хангахын төлөө хүчин зүтгэж буй Хэвлэл мэдээллийн салбарын хамт олон та бүгдэд Монгол Улсын Ерөнхий сайдын нэрийн өмнөөс болон хувиасаа Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн халуун мэндийг дэвшүүлье.

 

Дэлхий даяараа аюулт вирусийн эсрэг тэмцэж байгаа энэ үед мэргэжлийн ёс зүйгээ дээдлэн, иргэдэд бодит үнэн мэдээллийг шуурхай хүргэж ажилладаг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, албан хаагчид та бүгдэд гүн талархал илэрхийлж ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

 

Өнөө цагт дэлхий дахинд технологийн дэвшлийг даган мэдээллийн асар их урсгал бий болж, хүн бүр нийгмийн сүлжээг ашиглан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үүд хаалга нээлттэй болжээ. Мэдээллийн энэ их орчил дунд мэргэжлийн сэтгүүлчдийн хараат бус байдал, мэргэжлийн ёс зүй, үнэн бодит эх сурвалжаас олж авсан мэдээллийн үнэ цэнэ, ач холбогдол улам бүр нэмэгдэж байна.

 

Та бүхний гарт нийгмээ соён гэгээрүүлэх, маргаашийн сайн сайханд уриалан дуудах асар их нөөц бололцоо, хүч байгаа гэдэгт миний бие огт эргэлздэггүй.

 

Сэтгүүлчид бол төр, засгийн бодлого, үйл хэргийг нийтэд таниулан сурталчлах, түүнийг хэрэгжүүлэхэд гарч болзошгүй алдаа дутагдалд шүүмжлэлтэй хандан засч залруулахыг анхааруулж чаддаг нийгмийн түүчээ болсон хүмүүс билээ.

 

Тиймээс цаашид ч төр, ард түмнийг холбох гүүр нь болж нийгмийн эв нэгдлийг хангахад үнэлж баршгүй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.

 

Монгол эх орондоо шударга ёсыг бэхжүүлж, гадаадад нэр хүндтэй, дотоодод эв нэгдэлтэй, ард иргэддээ ээлтэй нийгмийг цогцлоохын төлөөх монгол хүн бүрийн хүсэл мөрөөдөл, чин эрмэлзлийг шингээсэн та бүгдийн үйлс тод, үг тань хурц байх болтугай.

 

Заналхийлэл доорхи ЭРХ ЧӨЛӨӨ

 

 

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ: 

 

Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн баярын мэндийг Монголынхоо хэвлэл мэдээллийн байгууллагын нийт ажилтан албан хаагч, сэтгүүлчид та бүхэндээ өргөн дэвшүүлье.

 

1990 оноос өмнө монголчууд бид олон улсын болон дотоод үйл явдлын мэдээ мэдээллийг коммунист намын төв хэвлэлээс л олж үздэг байлаа.


Тэр нь ихээхэн цензурдсэн, үнэнийг гуйвуулсан, үзэл суртал нэвт шингэсэн худал хуурмагаар дүүрэн байдаг байв.


Аливаа дарангуйллын нийгэм Иргэдийнхээ мэдэх эрхэнд ноцтойгоор халдаж, оюун санааны “боол” болгож, хүссэн зүгтээ удирдан чиглүүлэх сонирхолтой байдаг. Тиймээс үнэнийг мэдэх гэсэн, хэлэх гэсэн оролдлого бүрийг тас цохин, хайр найргүйгээр шийтгэж, хэлмэгдүүлдэг байв.
Өнөөдөр Монгол Улсад Ардчилсан нийгэм тогтоод 30 жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд хамгийн их ололт амжилтад хүрсэн салбар бол хэвлэл мэдээллийн салбар.


Гэвч энэ амжилтыг таслан зогсоож, хуулиар далайлган сүрдүүлж, сэтгүүлчдийг заналхийлэх үзэгдэл сүүлийн жилүүдэд огцом нэмэгдлээ. 2019 он, 2020 оны эхний хагасын байдлаар 3000 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан хуулийн байгууллагад дуудагдаж, Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар шийтгүүлсэн гэх сэтгэл эмзэглэм мэдээлэл байна.


Үүгээр зогсохгүй хэвлэн нийтлэх, мэдээлэх үүргээ биелүүлсэн сэтгүүлчдийг нийгмийн сүлжээнд зохион байгуулалттайгаар гүтгэх, доромжлох, заналхийлэх, хэвлэл мэдээллийн байгууллагыг хаана, торгоно хэмээн сүрдүүлэх үзэгдэл илт нэмэгдэх боллоо.


Энэ бүхний ард төрийн эрх мэдэл бүхий хүмүүс байгаа нь Монголын Ардчилал, Тусгаар тогтнол, Парламентын засаглал, Үг хэлэх, Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд ноцтой аюул учраад байгаагийн илэрхийлэл болж байна.


Иймд аливаа дарангуйлал, шударга бусын эсрэг үзэг барин тэмцэж байгаа эрхэм сэтгүүлчид та бүхэн Монгол Улсынхаа Тусгаар тогтнол, Эрх чөлөө, Шударга үнэний талд хэлбэрэлтгүй зогсч ирээдүй хойч үеийнхээ өмнө хүлээсэн үүрэгтээ үнэнч байна гэдэгт итгэлтэй байна. 1990 оны Ардчилсан хувьсгалын түүчээ болсон Ардчилсан нам, түүний мянга мянган гишүүд дэмжигчид та бүхнийг ямагт дэмжиж ажиллах болно.

Shuud.mn
Сонин хачин
Зоригт:
Зочин:энэ засаг болог НЗД нар попрох хаах хүчингүй болгох хураах тухай л ярьдаг болсон таны дүүнийн бизнес улам томроод биднийх хаагдаж эхэллээ та нэгэн үеийн попийн ерөнхий сайд болж Оюунэрдэнэ Ням баатар Батзандан Болд Аюур сайхан МАНАН дагуултай шүүх иргэдийн биш эрх мэдэлтэний талд шийдвэр гаргаж бна захиргааны шүү иргэдийн эрх ашгийг хамгаалдаг боо одоо эрх мэдэлтэний шийдвэрийг талл гарч шүүхийг хүчгүйдүүллээ
2020-05-04
Сэтгүүлч нэртэй цөөн хэдэн нөхдүүд эвгүй бгаа шүү. Бүр ард түмний хайрлаж хүндэлж явдаг эмчийг эвгүй байдалд оруулж ч байх шиг.
2020-05-04
ЭРДЭНЭЭ ИХ ДОЛИГНОО ШИВ ДЭЭ. кКк
2020-05-03
irgen:
Mongoliin setgyylchid heterhii uls torjson, tortei l nozoldood baihaas oor umgui medleg bolovsrol ih doroi haragdaad baigaa, ..toriinhnoos asuuj baigaa asuultuudiig harahaas mash doroi , niigemiin talaar mash muu ajillaj baigaa
2020-05-03