COVID-19: Итали хөл хориогоо хэсэгчлэн цуцаллаа
2020-05-04

Европ дахь COVID-19 вирусийн тархалтын голомт болсны дараа Итали улс тархалтыг хязгаарлах үүднээс хатуу хөл хорио тогтоож байсан. Харин өнөөдрөөс эхэлж хөл хориог хэсэгчлэн цуцалж байгаа талаар The Guardian мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, тавдугаар сарын дөрөвний даваа гаригаас эхлэн италичууд амны хаалт зүүсэн бол муж, хотоосоо гарч зорчих боломжтой болсон байна. Мөн  зарим үйлдвэр, барилгын компаниуд үйл ажиллагаагаа сэргээснээр 4,5 сая орчим хүн ажилдаа эргэн орох боломжтой болжээ.

 

Кафе болон зоогийн газрууд зөвхөн хүргэлтийн үйлчилгээ эрхэлж болох бол оршуулгын ёслолд 15 хүртэлх хүн л оролцохыг зөвшөөрсөн байна. Харин бусад олон нийтийн арга хэмжээ, хурим найрыг урьдын адил хориглосон хэвээр байгаа гэнэ.

 

Мөн боловсролын байгууллагууд, үсчин, спорт танхимуудын үйл ажиллагаанд тавьсан хоригууд хэвээр үйлчлэх бөгөөд ирэх сарын нэгнээс эдгээр байгууллагуудыг нээж магадгүй аж.

 

 

 

Эргэн сануулахад, Италид гуравдугаар сарын 10-наас эхлэн Италийн нутаг дэвсгэр даяар хөл хорио тогтоосон юм. Өмнө нь халдварын тохиолдол илүүтэйгээр бүртгэгдсэн Италийн хойд хэсэгт хориг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байв.

 

"Бид Италийн сайн сайхны төлөө ямар нэг зүйлээсээ татгалзах ёстой. Бид үүнийг одоо хийх ёстой. Мөн бид хамтран ажиллаж, илүү хатуу арга хэмжээнд дасан зохицсон нөхцөлд энэ байдлыг даван туулна" гэж Италийн Ерөнхий сайд мэдэгдэж байлаа. 

 

Сүүлийн үеийн мэдээллээр, Италид COVID-19 вирусийн халдварын тохиолдол 217 мянга болж, 28 мянга орчим хүн нас баржээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин