Д.Нямхүү: Франкфуртын онгоцоор ирсэн нэг иргэнээс COVID-19 илэрлээ
2020-05-04

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.05.04/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

 

Дэлхийн 215 оронд COVID-19 халдвар бүртгэгдэж 3.5 сая хүн өвчилж, 248 мянган хүн нас бараад байна. Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр өчигдөр ирсэн 261 хүнийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон бусад зочид буудалд байрлуулсан. Зорчигчдын 350 ширхэг ачаа тээшийг ЗООНОЗ-ын өвчин судлалын үндэсний төвийн баг ариутгаж халдваргүйжүүлжээ.

 

ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа "Европын улсуудад хамгийн бага нас баралт бүртгэгдсэн байна. Испани улсын хувьд хөл хориогоо үе шаттайгаар сулруулах арга хэмжээ авч эхэлсэн. Тус улсад 42 мянга гаруй эмнэлгийн ажилчид халдвар авсан байна. ОХУ-д халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж сүүлийн 24 цагийн хугацаанд 10600 гаруй тохиолдол бүртгэгдэж нийт халдварын тоо 134 мянгыг давж, нас баралт 1280-д хүрэв. 

 

Япон улсад шинэ тохиолдол 200 бүртгэгдэж нийт халдварын тоо 15 мянга, нас баралт 549 байна. БНСУ-д шинэ халдвар найм, нас баралт хоёр бүртгэгджээ" гэж мэдээлэв

 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 274 хүнд шинжилгээ хийхэд 273-аас COVID-19 халдвар илрээгүй. Нэг иргэнээс халдвар илэрсэн. Халдвар илэрсэн иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Өчигдөр нийт гурван лабораторид 332 хүнд шинжилгээ хийсэн. Дархан-Уул аймагт вирусийн салбар лабораторид 21 ачаа тээврийн жолоочийн шинжилгээнд вирус илрээгүй. Ажиглах байрны 38 хүний давтан шинжилгээнд вирс илрээгүй. Ингээд ХӨСҮТ-д 101 хүн байна" гэлээ. 

Shuud.mn
Сонин хачин