Давтан шинжилгээгээр Франкфуртын онгоцоор ирсэн нэг иргэнээс COVID-19 илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.05.05/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.
ОХУ, Франц, Турк, Бразил улсад халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байна. ОХУ-д нийт тохиолдлын тоо 140 мянга гаруйд хүрээд байна. Бразил улсад 4 мянга гаруй шинэ тохиолдол, 263 нас баралт бүртгэгдсэн. Япон улсад 176 шинэ тохиолдол 20 нас баралт бүртгэгдэж эдгэрсэн хүний тоо 4496 болжээ.
Тусгаарлах байрны ажиглалтад 1043 иргэн байна. Дөрөвдүгээр сарын 30, тавдугаар сарын 1,2-ны тусгай үүргийн онгоцоор 821 хүн ирсэн. Нийслэлийн хэмжээнд гэрийн тусгаарлалтад 939 хүн байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-ийн хоёр, ЗООНОЗ-ын нэг, Дорнод, Дархан-Уул аймгийн гээд нийт таван лабораторид өчигдөр 307 шинжилгээ хийлээ. Үүнийг задалж хэлбэл тусгай үүргийн онгоцоор ирсэн 275 хүнд, тандалтын зорилгоор 6 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Харин Франтфуртын онгоцоор ирсэн нэг иргэнээс давтан шинжилгээгээр COVID-19 вирус илэрлээ. Ингээд нийт Монгол Улсын батлагдсан тохиолдлын тоо 41 боллоо. Мөн халдвар аваад ХӨСҮТ-д эмчлэгдэж байсан бүх гадаад иргэд эдгэрч эмнэлгээс гарсан" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ