COVID-19: Британи нас баралтаар тэргүүлсэн ч Европ хэвийн амьдралдаа шилжиж эхлэв
2020-05-06

Дэлхий даяар тархсан цар тахлын эрч буурахгүй хэвээр, зарим улс орнуудад нас баралтын тоо улам нэмэгдсээр байна. Барууны орнуудад нөхцөл байдал ямар байгаа талаар ВВС, Regnum, Reuters агентлагуудаас авсан эх сурвалжтайгаар тоймлон хүргэе. 

 

Британид COVID-19 вирусийн улмаас нас барсан хүний тоо 32 мянгыг давсан талаар тус улсын Үндэсний статистикийн товчоо мягмар гаригт мэдээллээ. Ингэснээр Британид бүртгэгдсэн нас баралтын тоо Европ тив дэх хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байгаа юм. 

 

Үүнээс нэг өдрийн өмнө буюу тавдугаар сарын дөрөвний даваа гаригт Британийн Эрүүл мэндийн яам мэдээлэл хийхдээ коронавирусийн улмаас амиа алдсан хүний тоо хоногт 288-аар нэмэгдэж 28,7 мянга болсон талаар онцолж байв.  Хэдийгээр өөр өөр аргаар тооцоолж байгаа ч Их Британи вирусээс үүдэлтэй нас баралтаар Европд хэдийнэ тэргүүлж эхэлснийг мэргэжилтнүүд онцолж байгаа юм. 

 

Ийм нөхцөл байдал үүссэнтэй  холбоотойгоор Британийн сөрөг хүчин Засгийн газрыг хариу арга хэмжээ авах тал дээр удааширсан, хэт оройтож хязгаарлалтын арга хэмжээ авч хэрэгжүүлсэн, хүн амыг олноор нь шинжилгээнд хамруулж чадаагүй, эмнэлгийн ажилтнуудад хамгаалалтын хувцас хэрэглэлийг хангалттай хэмжээгээр өгч чадаагүй зэргээр буруутгаж байгаа аж. 

 

Харин Британийн Ерөнхий сайд Борис Жонсон тахлын оргил үе өнгөрсөн гэж үзэн хөл хориог сулруулахаар бэлтгэж байгаа талаар мэдэгдсэн юм. Үүнтэй холбоотой бодит алхмуудын талаар энэ долоо хоногт олон нийтэд зарлах аж.

 

Мөн мягмар гаригт Британид Эрүүл мэндийн үндэсний албаны гаргасан апликейшнийг туршиж эхэлсэн бөгөөд энэ нь коронавирусийн шинжилгээ нь эерэг гарсан хүмүүстэй хавьтагчдын зорчих хөдөлгөөнийг хянадаг юм байна.

 

Одоогоор апликейшнийг Уайт арал дээр туршиж байгаа гэнэ. Үр дүнтэй нь батлагдвал тавдугаар сарын дунд үеэс эхлэн Британи даяар ашиглахаар төлөвлөжээ.

 

АНУ дахь нөхцөл байдал

 

Халдварын тохиолдол хамгийн их байгаа бүс нутаг бол АНУ юм. Энэ улсад тавдугаар сарын зургааны байдлаар халдварын тохиолдол 1,2 сая гаруй болж, 72 мянга орчим хүн вирусийн улмаас нас баржээ. 

 

Хэдийгээр Америк шат дараатайгаар тахлын тархалтыг хязгаарлах хөл хорионы арга хэмжээг цуцлахаар болсон ч үүний хажуугаар нэмэлт хязгаарлалтуудыг авч хэрэгжүүлсээр байна. 

 

Тухайлбал Нью-Йорк хотын метро түүхэндээ анх удаа шөнийн ээлжийн ажиллагаагаа зогсоожээ. Өнгөрсөн шөнө Нью-Йоркийн метро бүрэн зогсож, халдваргүйжүүлэлт хийсэн бөгөөд лхагва гаригийн өглөөнөөс хэвийн ажиллах ч метроны галт тэрэгний тоо, зорчих  хөдөлгөөнийг багасгахаар болсон байна. 

 

Нью-Йорк хотын захирагч Эндрю Куомогийн өгүүлснээр цар тахал намжсан цагт л метро хэвийн ажиллагаанд шилжих гэнэ. 

 

Метро чухам хэзээ хэвийн ажиллаж эхлэх талаарх сэтгүүлчийн асуултанд тэрбээр "Дэлхий дахиныг хамарсан цар тахал хэзээ дуусахыг та эхлээд надад хэлчих, тэгвэл би 24 цагийн метроны үйл ажиллагаа хэзээ сэргэх талаар хэлж өгье" хэмээн хариулсан байна. 

 

Энд дуулгахад, цар тахалтай холбоотойгоор зорчигчийн урсгал 90 орчим хувиар буурсан гэсэн мэдээлэл өмнө нь гарч байлаа. Зорчигч байхгүй энэ үед орон гэргүй хүмүүс галт тэргэнд хоноглох нь ихэссэн тул энэ долоо хоногоос эхлэн мянга гаруй цагдаагийн албан хаагч гал тэрэгнээс бүх хүнийг буулгахад хяналт тавьж ажиллах гэнэ.

 

Бусад орнуудад... 

 

Шинэ Зеланд улс мөддөө хилээ нээхгүй гэж тус улсын Ерөнхий сайд Жасинда Ардерн мэдэгдлээ. Видо холбоогоор хийсэн хуралдааны үеэр Австрали, Шинэ Зеландын хооронд хүмүүс чөлөөтэй зорчиж, 14 хоногийн хөл хорионд орохгүйгээр хоёр тал руу нэвтрэх тусгай коридор байгуулах талаар хэлэлцсэн байна. Гэхдээ бусад тив, улс орнуудын оршин суугчдыг Шинэ Зеланд руу мөддөө нэвтрүүлэхгүй байхаар болжээ.

 

Европын бусад орнууд аажмаар хэвийн амьдралдаа эргэн орж байна.

 

Ром хотод багагүй хугацааны дараа барилгын салбар сэргэж,гуравдугаар сарын дунд үеэс хойш ноёрхсон нам гүмийг эвджээ. Барилгын ажил сэргэснээр 4,4 сая хүн ажилдаа эргэн орсон байна. 

 

Италийн зоогийн газрууд үйл ажиллагаагаа сэргээсэн бөгөөд гэхдээ зөвхөн хоол хүргэх, хоол авч явахаар захиалах үйлчилгээг л үзүүлэх аж. Өөрөөр хэлбэл үйлчлүүлэгчид зоогийн газрын танхимд хооллохыг урьдын адил хоригложээ. 

 

Испанид даваа гаригаас эхлэн үсчин ажиллаж эхэлсний дээр дэлгүүр, баар, ресторанууд мөн л хүргэлт, захиалгын хоол гаргахаар бол үйл ажиллагаагаа сэргээх боломжтой болсон байна. Мадрид хотод хүн бүр амны хаалт зайлшгүй зүүх ёстой бөгөөд энэ хотын цагдаагийнхан метроны өртөөн дээр хүмүүст амны хаалтыг үнэ төлбөргүй тарааж байгаа аж. 

 

Германд ч мөн адил урт хугацааны дараа үсчин, музей, сүм хийд, хүүхдийн тоглоомын талбай, амьтны хүрээлэнгүүд үйл ажиллагаагаа сэргээжээ. 

 

Австрид барааны дэлгүүрүүд, гоо сайхны салон, сургуулиуд нээгдсэн байна. Гэхдээ төгсөлтийн шалгалтандаа бэлтгэх ахлах ангийнхан л хичээлдээ эргэн оржээ.

 

Бельгид хүн бүр олон нийтийн газарт амны хаалт зүүх шаардлагатай. Офисын ажилтнуудыг ажлаа хийхийг зөвшөөрсөн ч дэлгүүрүүд энэ сарын 11-нээс л нээгдэх аж. Хотын нийтийн тээврийн автобусанд жолоочийг халдвараас хамгаалахын тулд тусгаарлажээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Буруу даа. Халдвар хязгаарлагдах яагаа ч үгүй байгаа даа, Европт.
2020-05-06
зочин:
Дотооддоо тархаагүй манайх хэзээ хэвийн амьдралд шилжих гэж байнаа. 6 сарын 1 үү? 5 сараас сургууль, цэцэрлэг нээчих байсан юм биш үү
2020-05-06