COVID-19: ОХУ хөл хориог шат дараатайгаар цуцлахаар төлөвлөж байна
2020-05-07

Сүүлийн өдрүүдэд COVID-19 вирусийн халдварын тохиолдол эрс нэмэгдэж, тахлын нөхцөл байдал хүндэрч байгаа хойд хөршид вирустэй тэмцэх, байдлыг тогтворжуулах, хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээнээс шат дараатайгаар гарах асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимирг Путин холбогдох албаныхантай зөвлөгөөн хийсэн байна. 

 

ОХУ-ын Ерөнхийлөгчийн захиргааны албан ёсны цахим хуудас болох kremlin.ru-ийн мэдээлснээр зөвлөгөөнд Хөдөлмөрийн сайд, Эрүүл мэндийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд, Хэрэглэгчийн хяналтын газрын дарга нарын холбогдох албан тушаалтнууд оролцжээ. 

 

Цаашид вирусийн халдвартай тэмцэх арга хэмжээний талаар бүс нутгийн түвшинд тухайн нутаг дэвсгэр дээрх нөхцөл байдлаас хамаарч шийдвэр гаргах ёстойг Владимир Путин онцолсон байна.

 

Мөн хязгаарлалтын арга хэмжээнүүдийг цуцлахдаа болгоомжтой, шат дараатайгаар алхам хийх ёстой гэдгийг Оросын Ерөнхийлөгч цохон тэмдэглээд хязгаарлалтуудыг цуцлахтай холбоотой шийдвэрүүдийг яаран гаргавал ноцтой аюул учирж болзошгүйг анхааруулжээ. 

 

"Холбооны улсын субъектуудэд коронавирусийн тархалтын нөхцөл байдал харилцан адилгүй байгаа. Зарим газарт урьдчилан сэргийлэх зорилготой хязгаарлалтын хатуу арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа бол нөгөө хэсэг газруудад харьцангуй зөөлрүүлэх боломжтой нөхцөл байдал ч бий. Гэхдээ эрдэмтэд, мэргэжилтнүүдийн санал дээр тулгуурлан, бүхий л хүчин зүйлс, болзошгүй эрсдлүүдийг тооцоолох ёстой" хэмээн Путин мэдэгджээ. 

 

Түүнчлэн яаран шийдвэр гаргах хэрэггүй, багахан алдаа гарахад үүний төлөөс нь иргэдийн амь нас, аюулгүй байдал байна гэдгийг цохон тэмдэглэсэн байна.

 

Энд дуулгахад, Орост тусгаарлалтын горимыг тавдугаар сарын баяруудыг дуустал хугацаагаар сунгасан юм. Тахлын нөхцөл байдал хүндрэхгүй бол тавдугаар сарын 12-ноос хойш хязгаарлалтыг цуцлах боломжтой гэж Оросын эрх баригчид үзэж байгаа аж. Гэхдээ Оросын эмч, эрдэмтдийн үзэж байгаагаар тус улсад өвчлөлийн оргил үе хараахан гараагүй байгаа гэнэ. 

 

Оросын хэрэглэгчийн хяналтын газрын дарга Анна Попова Орост COVID-19 вирусийн цар тахалтай холбоотой хязгаарлалтын арга хэмжээнүүдийг гурван үе шаттайгаар цуцлах санал тавьжээ. Түүний өгүүлснээр тус байгууллага хязгаарлалтын арга хэмжээнүүдийг шат дараатайгаар цуцлах аргазүйн зөвлөмжийн төслийг боловсруулжээ.

 

ОХУ-ын эрх баригчид бүс нутгуудад хязгаарлалтын арга хэмжээнүүдийг гурван үе шаттайгаар цуцлах аж:

 

Эхний шатанд, Орост коронавирусийн улмаас тавьсан хязгаарлалтын арга хэмжээг цуцлах хүрээнд гадаа талбайд спортоор хичээллэх боломжтой болно. 

 

Хоёр дахь шатанд, гэр бүлээрээ гадаа зугаалахыг зөвшөөрөх, боловсролын байгууллагууд болон худалдааны цэгүүдийн үйл ажиллагааг сэргээхээр төлөвлөж байна.

 

Гурав дахь шатанд, хүмүүс хоорондын зайг баримтлах журмыг мөрдөн цэцэрлэгт хүрээлэн, талбайг нээхээр төлөвлөж байгаа аж. 

 

Аливаа бүс нутагт хязгаарлалтыг цуцлах шийдвэр гаргахдаа өвчлөлийн өсөлтийн хэмнэл, сул орны нөөц, бүс нутагт COVID-19 вирусийн тест, шинжилгээнд хамруулах нөхцөл байдал гэсэн үзүүлэлтүүдийг харгалзан үзэх гэнэ.

 

Оросын хэрэглэгчийн хяналтын газрын дарга Анна Поповагийн цохон тэмдэглэснээр тахлын нөхцөл байдал хүндэрсэн үед хязгаарлалтын арга хэмжээнүүдийг сэргээх боломжтой аж. Түүний онцолсноор одоогийн байдлаар ОХУ-ын 68 субъектэд амны хаалт зайлшгүй зүүх журам үйлчилж байгаа нь ихээхэн эерэг үр дүн өгч байгаа гэнэ. Оросын зарим бүс нутгуудад вирусийн халдварын өвчлөлийн өсөлтийн хэмнэл гурван хувиас хэтрэхгүй байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин