БНСУ: Ким Жон Ун хагалгаанд ороогүй

Дөрөвдүгээр сарын дунд үеэс хойш Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун олны өмнө гараагүй нь олон улсын хэвлэлээр төрөл бүрийн цуурхал тархах үндэс болсон. Түүнийг зүрхний мэс засалд орсон, коронавирусийн халдвараас нуугдаж байгаа, тэр бүү хэл нас барсан гэх төрөл бүрийн мэдээлэл гарч байв.
Харин тавдугаар сарын хоёрны өмнө Ким Жон Ун олны өмнө гарч олон эргэлзээ, таамаглалд эцэс тавьсан ч удаан хугацаанд "сураггүй байсан" шалтгааны талаарх мэдээллүүд хөвөрсөөр байна.
Өмнөд Солонгосын үзэж байгаагаар БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун зүрхний мэс засалд орсны улмаас гурван долоо хоног олны өмнө гараагүй гэсэн мэдээлэл үнэнд нийцэхгүй, харин Хойд Солонгост коронавирусийн дэгдэлт гарч болзошгүй хэмээн болгоомжилсонтой холбоотой гэнэ. Энэ талаар Ройтерс агентлаг мэдээлсэн байна.
Өмнөд Солонгосын Тагнуулын үндэсний агентлагийн мэдээлснээр, БНАСАУ-ын тэргүүний эрүүл мэнд муудсантай холбоотой бүхий л мэдээлэл "ямар ч үндэслэлгүй" гэнэ.
Мөн энэ онд Ким Жон Ун ердөө 17 удаа олны өмнө гарсан бөгөөд өнгөрсөн онд 50 удаа гарч байжээ. Энэ нь тус улсад коронавирус дэгдсэн байж болзошгүй гэсэн таамаглал төрүүлж байгааг тагнуулын газрын төлөөлөгчид өгүүлсэн байна. БНАСАУ-ын албан ёсны мэдээллээр тус улсад халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй юм.
Түүнчлэн БНСУ-ын Нэгдлийн сайд ч энэ хувилбартай санал нэг байгаагаа илэрхийлжээ. Сайдын өгүүлснээр Хойд Солонгос өвчлөлийн тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд хатуу арга хэмжээ авч байгаа тул "удирдагч нь алга болсон нь" гайхаад байх зүйлгүй гэнэ.
Эргэн сануулахад, дөрөвдүгээр сарын дунд үеэр Ким Жон Ун БНАСАУ-ыг үндэслэгч, өвөө Ким Ир Сенийхээ төрсөн өдөрт зориулсан баярт оролцоогүй бөгөөд энэ нь түүнийг нас барсан, өвдсөн гэх мэдээлэл гарах үндэс болсон юм. Гэвч тавдугаар сарын хоёрны өдөр Ким Жон Ун олны өмнө гарч, бордооны үйлдвэрийн нээлтэд оролцсон байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ