Цар тахлын үеэрх баяр буюу ОХУ-д Ялалтын 75 жилийн ойг хэрхэн тэмдэглэх вэ?
2020-05-07

 

 

Оросуудын хамгийн их хүлээдэг, гол баяруудын нэг бол Ялалтын баяр юм. Харин энэ жил уламжлалт баяр цар тахлын улмаас өөр хэлбэрээр явагдах нь. 

COVID-19 вирусийн цар тахлын улмаас Москвагийн Улаан талбай болон Оросын бусад томоохон хотуудын талбайд болдог парадыг хойшлуулсан шийдвэрийг Оросын Ерөнхийлөгч дөрөвдүгээр сарын дундуур гаргасан. 

 

Гэхдээ агаарын парад болох бөгөөд газрын парадыг цуцалсан тул агаарын ёслолыг илүү өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Тавдугаар сарын есний өдөр цаг агаар тогтуун байвал агаарт 600 гаруй онгоц, нисдэг тэрэг хөөрөх аж. 

 

Оросын хотуудад цар тахлын үеийн Ялалтын баяр хэрхэн болж өнгөрөх төлөвлөгөөтэй байгаа талаарх мэдээллийг Regnum болон Взгляд агентлагуудаас авсан эх сурвалжтайгаар хүргэж байна. 

 

Москва хот

Хамгийн өргөн цар хүрээтэй агаарын парад ОХУ-ын нийслэл Москва хотод болно. Тавдугаар сарын есний өдөр Оросын нийслэл дээгүүр 75 нэгж агаарын техник нисч өнгөрөх аж.

 

Парадын эхэнд дэлхийд хамгийн том цэрэг тээврийн нисдэг тэрэг гэж тооцогддог Ми-26, дөрвөн МИ-8 нисдэг тэрэгтэй хамт ниснэ. Тэдгээрийн араас таван Ми-35, Ка-52, Ми-28Н ниссэнээр нисдэг тэрэгний цуваа өндөрлөх юм байна.

 

Онгоцны хэсэг асар том А-50 онгоцоор эхлэх бол түүний араас цэргийн тээврийн Ил-76 гурван онгоц ниснэ. Тэдгээрийн араас бөмбөгдөгч-пуужин тээгч найман онгоц нисэх бөгөөд эхлээд гурван Ту-95МС, дараа нь Ту-160, түүний араас дөрвөн Ту-22М3 нисэх аж.

 

Үүний араас Ту-160 нисч, агаарт Ил-78 энэ онгоцыг цэнэглэж байгааг харуулах үзүүлбэр болох юм байна. Энэ үзүүлбэрийн араас МиГ-29 сөнөөгч, Су-24 фронтын бөмбөгдөгч, МиГ-31К, Су-57 нисч өнгөрнө.  

 

Агаарын парадыг мөн л сөнөөгчид дуусгах бөгөөд эхлээд Су-30СМ, Су-34 болон Су-35С гурвал нисч, араас нь "Стрижи" болон "Русские витязи" уран нислэгийн багуудын МиГ-29 болон Су-30СМ есөн онгоц ромбо дүрс үүсгэн нисэх бол агаарын парад зургаан Су-25 агаарт Оросын төрийн далбааны гурван өнгийг гаргаснаар өндөрлөх юм. 

 

Бусад хотуудад 

 

Зарим хотуудад даруухан парад, харин заримд нь өргөн цар хүрээтэй парад болно гэж Регнум мэдээлжээ. Тухайлбал, Донын Ростов хотод 45 онгоц, нисдэг тэрэг оролцсон томоохон агаарын парад болох бөгөөд үүнд голчлон довтлогч Су-25 болон Су-30СМ сөнөөгчид оролцох аж. 

 

Хабаровск болон Санкт-Петербург хотуудад 30 нэгж техник нисэн өнгөрнө. Харин Нева хотод багахан хэмжээний тэнгисийн парад болох бөгөөд хөлөг онгоцууд парадад оролцож, "Аврора" дээр цэргийн найрал хөгжим тоглох гэнэ.

 

Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр тус улсын 47 хотод агаарын парад болох юм байна.

 

Парад болон ёслолын буудлага болох цаг 

Агаарын парадууд Оросын хотуудад орон нутгийн цагаар 10.00 цагт болно. Парад эхлэхээс өмнө эсвэл дууссаны дараа Оросын улсын телевизүүд Владимир Путины мэдэгдлийг дамжуулах гэнэ. 

 

Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан ёслолын буудлагууд 22.00 цагт болох юм байна.

 

"Үхэшгүй мөнхийн хороо"

Дэлхийн олон оронд зохион байгуулагдаж, цар хүрээгээ жилээс жилд өргөжүүлсээр байгаа "Үхэшгүй мөнхийн хороо" арга хэмжээ энэ жил цахим хэлбэрээр болно. Оролцохын тулд тусгай сайтаар орж бүртгүүлэн, ахмад дайчны зураг болон түүхийг оруулах юм байна. Монгол улсад энэ арга хэмжээг мөн л цахим хэлбэрээр явуулах бөгөөд Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн фейсбүүк дэх хуудсанд арга хэмжээнд хэрхэн оролцох талаар мэдээллийг оруулжээ.

 

Тагтан дээрх "Ялалтын баяр"

 

Оросын хотуудад 19.00 цагаас дайнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн нэг минут дуугаа хураана. Үүний араас телевизийн сувгууд болон радиостанцууд алдарт "День Победы" дууг эгшиглүүлэх бөгөөд харин оросууд тагтан дээрээ эсвэл хашаандаа гарч хамтдаа дуулахыг уриалжээ. 

 

Энэ санааг ЗХУ-ын ардын жүжигчин Василия Ланова гаргасан бөгөөд улмаар Оросын Ерөнхийлөгч Владимир Путин энэ санаачилгыг дэмжсэн байна. 

 

"Газрын" парад хэзээ болох вэ? 

 

Одоогоор энэ талаар тодорхой мэдээлэл үгүй. 1945 оны ялалтын парад болсон зургаадугаар сарын 24, Дэлхийн хоёрдугаар дайн дууссан өдөр гэж Орос улс албан ёсоор хүлээн зөвшөөрсөн есдүгээр сарын гурван, 1941 онд цэргүүдийг шууд фронт руу илгээсэн домогт парад болсон 11 дүгээр сарын долоо гэсэн гурван хувилбар яригдаж байгаа аж. 

 

Гэхдээ "тахлын нөхцөл байдлаас бүх зүйл хамаарна" гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Oogii:
Gertee 200 tataad ene zuv Sanaa bna
2020-05-08
ЗОЧИН:
ЭНЭ МЭДЭЭЛЛИЙГ БИЧСЭН СЭТГҮҮЛЧ Н.БЯМБАСҮРЭН ЮМ УНШИЖ СУДАЛ, ОРОСОД ХЭЗЭЭ Ч НЕВА ГЭДЭГ ХОТ БАЙДАГГҮЙ ЮМ ДАА, ЧИ ШИНЭЭР ТИЙМ ХОТ БАЙГУУЛЧИХСАН ЮМ УУ?
2020-05-08
Зоо:
Гэртээ 100 татаад л
2020-05-07