COVID-19: Нидерландын сургуулиуд ирэх сарын нэгнээс хичээллэнэ
2020-05-07

Нидерланд улс хөл хорионы арга хэмжээгээ аажмаар цуцлах болсон талаар тус улсын Ерөнхий сайд Марк Рютте мэдэгдсэнийг Regnum агентлаг дамжууллаа. Хөл хориог аажмаар цуцлах замын зураг есдүгээр сарын нэгэн хүртэлх хугацаагаар тооцоологдсон бөгөөд тахлын нөхцөл байдлаас хамаарч шат дараатайгаар хэрэгжүүлнэ гэж Рютте цохон тэмдэглэсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, тавдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн үсчин, гоо сайхны салонууд, жолооны курс, нүдний шилний дэлгүүрүүд үйл ажиллагаагаа сэргээх боломжтой болжээ. Түүнчлэн энэ өдрөөс эхлэн номын сангууд ажиллаж эхлэхийн дээр хүмүүс хоорондоо 1,5 метрийн зай баримтлан, гадаа спортоор хичээллэж болох гэнэ. 

 

Зургаадугаар сарын нэгний өдрөөс дунд сургуулиуд хичээллэж эхлэх бөгөөд мөн өдрөөс эхлэн  нийтийн тээвэр энгийн хуваариар иргэдэд үйлчлэх юм байна. Зорчигчид амны хаалт зайлшгүй зүүж өөрийгөө хамгаалах үүрэгтэй. Мөн нийтийн тээврийн хэрэгслийн багтаамжийн 40 хувийг хэтрүүлэхгүйгээр зорчигчдыг оруулах аж.

 

Түүнчлэн зургаадугаар сарын нэгнээс кафе, ресторанууд үйлчлүүлэгч хооронд 1,5 метрийн зайтай байхаар тооцоолон тохижуулсан задгай талбайн үйлчилгээ эрхэлж болох гэнэ. Музей кино театрууд урьдчилсан бүртгэлээр үйлчлүүлэгчдийг хүлээн авч, нэг дор 30-аас дээш хүн цуглуулахгүйгээр ажиллах юм байна.

 

Долоодугаар сарын нэгнээс эхлэн 100-аас доош хүн бүлгээр цуглахыг зөвшөөрөх аж. Ингэснээр музей, номын сан, нийтийн хоолны газруудын үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэх боломжтой болох юм. Мөн есдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн спортын сургуулиуд, саун, кофешоп, казино, биеэ үнэлэгчдийн газруудын үйл ажиллагааг сэргээх юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин