Хар жагсаалтад Панам, Монгол зэрэг есөн орныг багтжээ

Европын холбоо мөнгө угаах болон алан хядах ажиллагааг санхүүжүүлэхэд тэмцэхэд санхүүгийн эрсдэл учруулж болзошгүй орнуудын жагсаалтад Панам, Багамын Арлууд, Монгол болон өөр есөн орныг багтаахаар төлөвлөж байгаа талаар Ройтерс агентлаг мэдээлснийг өмнө нь бид дамжуулж байсан.
Евро комисс дээрх жагсаалтыг тавдугаар сарын долооны пүрэв гаригт албан ёсоор танилцуулж, жагсаалт гаргах болсон үндэслэлийн талаарх мэдээллийг албан ёсны цахим хуудас болох https://ec.europa.eu/ дээр нийтэлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр Еврокомисс мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зорилгоор ЕХ-ны хүрээг улам бэхжүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг санал болгосон байна.
Түүнчлэн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх цогц бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулжээ. Энэ төлөвлөгөөнд
- өндөр эрсдэлтэй гуравдагч орнуудыг тодорхойлох нарийвчилсан, ил тод аргачлал
- өндөр эрсдэлтэй гуравдагч орнуудын шинэчилсэн жагсаалт багтсан байна.
Мөн эдгээр бодлогыг боловсруулахад чиглэгдсэн үйл ажиллагааны төлөвлөгөөний талаарх олон нийтийн хэлэлцүүлгийг тавдугаар сарын долооны өдөр эхлүүлсэн бөгөөд эрх баригчид, оролцогч талууд, иргэд санал хүсэлтээ долоодугаар сарын 29-ний өдрийг хүртэл өгөх боломжтойг Еврокомисс мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ