COVID-19: ОХУ-ын томоохон үзэсгэлэнгийн цогцолборуудыг түр эмнэлэг болгоно
2020-05-08

 

ОХУ-д сүүлийн өдрүүдэд COVID-19 вирусийн халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж, хоногт илрэх халдварын тохиолдол 11 мянгад хүрч нөхцөл байдал хүндэрч байгаа юм. 

 

Ийм нөхцөлд бэлэн байдлыг хангах үүднээс ОХУ даяар үзэсгэлэнгийн цогцолборуудыг түр эмнэлэг болгон өөрчлөх ажлыг түргэн хугацаанд гүйцэтгэж байгаа талаар Regnum агентлаг мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр ийм эмнэлгүүд Санкт-Петербург хотод хэдийнэ байгуулагдсан, Екатеринбургт дуусах шатандаа явж байгаа бол Москва хотод ВДНХ буюу Ардын аж ахуйн ололтын үзэсгэлэнгийн нэгэн павильонд тавдугаар сарын дунд үеэс эхлэн COVID-19 вирусийн халдвартай хүмүүсийг хүлээн авахаар бэлтгэж байгаа гэнэ. 

 

ВДНХ үзэсгэлэнгийн павильоныг дөрөвдүгээр сарын 28-наас эхлэн өөрчлөн тоноглож эхэлсэн бөгөөд 1800 ортой байхаар төлөвлөжээ.

 

Мөн Москва орчимд ч эмнэлгийн орны тоог нэмэх ажил эрчимтэй явагдаж байна. Подмосковьед "Крокус Экспо" үзэсгэлэнд байгуулсан түр эмнэлэг өвчтөнүүдээ хүлээн авахад бэлэн болсон байна. Тавдугаар сарын 12-ноос эхлэн энд өвчтөнүүдийг хэвтүүлэх бөгөөд 1500 ортой энэ эмнэлэгт хүмүүсийн тав тухтай байх нөхцлийг бүрэн бүрдүүлсэн гэж Москва мужийн захирагч Андрей Воробьев өгүүлжээ. 

 

"Тасгуудад дөрвөн хүн байхаар тооцоолсон. Ор бүрт хүчилтөрөг залгасан бөгөөд нийтдээ хүчилтөрөгчтэй 920 ор бэлэн. Түүнчлэн сэхээн амьдруулах тасгийн 120 ор, хүчилтөрөгчийн аппараттай 920 ор бүхий тусгай зөөврийн эмнэлэг байгуулсан. Хүний тав тухтай байх нөхцөлийг хангаж бие засах өрөө, душ угаалгын өрөө байгуулсан"хэмээн мужийн захирагч өгүүлсэн байна. 

 

"Ирэх сарын сүүл хүртэл вирус эрчимтэй тархана"


Ийнхүү Орос улсад халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байгаа тул болзошгүй нөхцөлд бэлэн байх бүхий л арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар тус улс халдварын оргил үед хараахан хүрээгүй байгаа бөгөөд ирэх сарын сүүл хүртэл халдвар тархсаар байна гэсэн хувилбарыг ч дэвшүүлжээ. 

 

Энэ талаар Оросын Эрүүл мэндийн яамны ерөнхий халдвартын эмч Елена Малинникова "Россия 24" телевизэд өгсөн ярилцлагадаа онцолсон байна. Түүний өгүүлснээр зургаадугаар сарын сүүл хүртэл коронавирусийн халдвар идэвхитэй тархах аж. 

 

"Манайд гуравдугаар сард вирусийн идэвхтэй тархалт эхэлсэн гэж үзвэл үүн дээр гурван сарыг нэмээд, зургаадугаар сарын сүүл хүртэл вирус идэвхитэй тархаж болзошгүй" хэмээн Малинникова өгүүлсэн байна. Түүнчлэн COVID-19 вирус цаашдаа улирлын өвчлөл болон хувирч болзошгүй гэсэн таамаглалыг тэрбээр дэвшүүлжээ.

 

Оросын тахал судлаачид Орост коронавирусийн нөхцөл байдал хэрхэн өрнөх талаар хэд хэдэн хувилбарыг анхлан дэвшүүлж байлаа. Тэдний "сайнаар" таамагласан хувилбараар тавдугаар сарын хоёр долоо хоногийн туршид COVID-19 вирусийн тархалтын оргил үеийг давж, улмаар тэнцвэрт байдалд орох аж.

 

Гэхдээ Оросын бүс нутагт "муугаар" таамагласан хувилбарын дагуу нөхцөл байдалд бэлэн байхаар эмнэлгийн нөөцийг бэлтгэж, шинээр эмнэлгүүд байгуулж байна.

 

Тавдугаар сарын долооны байдлаар Орост халдвар авсан хүний тоо 177 160, вирусийн халдварын улмаас нас барсан хүний тоо 1625 болж харин 23803 хүн эдгэрчээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин