Д.Нямхүү: Давтан шинжилгээгээр Франкфуртаас ирсэн нэг иргэнээс коронавирус илэрлээ
2020-05-08

 

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.05.08/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 215 улс оронд бүртгэгдэж 3,9 сая хүн халдвар авч, 270 мянган хүн нас барж, 1,3 сая эдгэрч эмнэлгээс гарч, 2,3 сая хүн эмчлэгдэж байна. Манай улсад ажиглалтад 987 хүн байна.  Ажиглалтаас гарч гэрийн ажиглалтад 72 хүн гарсан. Орон нутгийн галт тэргэнд төмөр замын нэгдсэн эмнэлгээс 11 эмч ажиллаж, нийт 3800 гаруй хүнд тандалт судалгаа хийсэн байна. Эрээн-Замын-Үүд чиглэлд ажиллаж байгаа 40 хүнд тандалт судалгаа хийсэн. Сэжигтэй тохиолдол илрээгүй. 119 дугаарын утсанд 313 дуудлага ирсэн. Гадаад улсаас 119 шуурхай аппликейшн 2 улсаас 9 дуудлага ирсэн байна. АНУ-аас зөвлөгөө авсан иргэний коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарсан учраас эмчилгээний талаар зөвлөгөө авсан байна. Иргэд хэрэглэсэн амны хаалтаа ил задгай хаяхгүй байхыг анхааруулж байна.

 

ОХУ-д 11200 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 177 мянга гаруйд хүрсэн байна. Халдвар бүртгэгдсэн орны тоогоор ОХУ дэлхийд 5-р байранд, ДЭМБ-ын Европын бүс нутагт Испани, Итали, Их Британи зэрэг улсын дараа жагсжээ. ОХУ-ын нийт тохиолдлын 92 мянга гаруй нь нийслэл Москва хот орчмын бүс нутагт бүртгэгдсэн байна. Бразиль улсад 10500 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ.  Нийт тохиолдлын тоо 125 мянга гаруй болсон ба 615 нас баралт шинээр бүртгэгджээ. Сингапур  улсад  шинээр 741 бүртгэгдэж нийт тохиолдлын тоо 21 мянга шахам болсон байна. Япон улсад 95 шинэ тохиолдол нэмж бүртгэгдэж, 13 нас баралт нэмж бүртгэгдсэн байна. Тус улсын нийт халдварын  тоо 15500 болж, 5700 гаруй хүн эдгэрчээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

 

-44 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс сэжигтэй тохиолдлын хоёр, Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлэг, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг зэргээс авсан 7 сорьц тандалтын зорилгоор шинжилгээ хийсэн. Сорьцод коронавирус илрээгүй.

 

ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг иргэнээс коронавирус илэрлээ. Тухайн иргэн тавдугаар сарын 03-нд Франкфуртын онгоцоор ирсэн  ба давтан шинжилгээгээр илэрлээ. Тавдугаар сарын 07-нд. толгой өвдөх, хамар битүүрэх, нус гоожих зэрэг шинж тэмдгүүд илэрч эхэлсэн. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 42 боллоо. Үүнээс эдгэрч гарсан 13 иргэн, эмчлэгдэж байгаа 29 байна. Эмчилгээнд байгаа хүний биеийн байдал хэвийн байна гэж мэдээллээ.

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин