COVID-19: ОХУ өвчлөлөөр эхний тавд багтаж, Москва тусгаарлалтын горимыг сунгав
2020-05-08

Орост тавдугаар сарын долооны өдөр хоногт илэрсэн COVID-19 вирусийн халдварын тохиолдол 11 мянга гаруй болсноор тус улс өвчлөлийн тоогоор Герман, Францыг ардаа орхин дэлхийд тавдугаарт бичигдэх болсон. Тавдугаар сарын долооны өдрийн байдлаар тус улсад тав дахь өдрөө дараалан 10 мянгаас дээш халдварын тохиолдол бүртгэгдсэн юм.

 

Нөхцөл байдал хамгийн хүнд байгаа Москва хотод коронавирустэй холбоотой хязгаарлалтуудыг сунгасан байна.

 

Тодруулбал, Москва хотын дарга Сергей Собянин цар тахалтай холбоотой авч хэрэгжүүлсэн хязгаарлалтын арга хэмжээнүүдийг тавдугаар сарын 31 хүртэл сунгахаар болсон байна. Ингэснээр ихэнх байгууллагууд, тэр дундаа соёлын байгууллага, цэцэрлэгт хүрээлэнгүүд ирэх сарын нэгэн хүртэл хаалттай хэвээр байх юм.

 

Москва хотноо одоо хаалттай байгаа нийтийн хоолны газрууд, худалдааны цэг, үйлчилгээний газрууд, боловсрол, соёл спортын байгууллагууд энэ сарын 31 хүртэл хаалттай хэвээр байх бөгөөд "тэдгээрийг нээхэд эрт байна" хэмээн Собянин мэдэгджээ.

 

Түүнчлэн хүн бүр амны хаалт зүүх, бээлий өмсөх журам гаргажээ. Энэ журмын дагуу хотын оршин суугчид олон нийтийн газар, нийтийн тээвэр болон үйлдвэр дээр зайлшгүй амны хаалт зүүх шаардлагатай болж байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин