XIII зууны үед холбогдох "Бүсний арал чимэглэлүүд"
2020-05-08

Монголын Үндэсний музей нь албан ёсны цахим хуудсаараа дамжуулан түүх, соёлын хосгүй үнэт үзмэрээ дээжлэн цувралаар хүргэж байгаа билээ. Уг цувралын өнөөдрийн дугаарт XIII зууны үед холбогдох "Бүсний арал чимэглэлүүд” үзмэрийг толилуулж байна.

 

 

Материал: Алт, Зэс, Оюу

 

Холбогдох он цаг: XIII зуун "Бүсний арал чимэглэлүүд” Дундад эртний Монголчууд дээл хувцасан дээрээ төмөрлөг толь, товруу чимэглэлтэй суран бүс, хаад язгууртнууд алтан бүс бүслэдэг байсан талаар сурвалжид тэмдэглэсэн нь бий.

 

Монголын нууц товчооны 117-р зүйлд: “Жамуха Увас мэргидийн Дайр усунаас олзолж авсан алтан бүсээ Тэмүжин андад бүслүүлэв” гээд, Мөн 238-р зүйлд Уйгурын Идүгүд Чингис хаанд элч илгээж дагаар орохдоо “Чингис хаан соёрхвоос алтан бүсний горхиноос, ал /улаан/ дээлний үртэснээс олбоос тавдугаар хөвгүүн чинь болж, хүч өгье” хэмээжээ. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Бухын хошуунаас дээлний хамт алт шармал зэс бүсний арал, чимэглэлүүд олдсон нь эдүгээ Монголын Үндэсний музейд хадгалагдаж байна.

 

Үүнээс гадна Сүхбаатар аймгийн Онгон сумын Таван толгойд малтсан булшнаас болор бэлтэй, бүсэнд хадаж бэхлэх зориулалттай болор товруу, гархи зэс арал илэрсэн төдийгүй ОХУ-ын Эрмитаж музейд манан шигтгээтэй бүсний бэл, товруу хадгалагдаж буй нь чулуун тольтой бүс хэрэглэж байсныг нотлох ховор хэрэглэгдэхүүн юм. Монголын үеийн хүн чулуун хөшөөнд төрөл бүрийн хээ чимэглэл бүхий горхи, товруутай бүсийг товойлгон сийлсэн бодит түүхэн баримт бий.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Найруулагч Нямгаваа гэгч хулгайч Монгол банкны эрдэнэсийн санд хадгалагдаж байсан Гүнжийн бүсний хаш аралыг авчихсан ТВээр ичихгүй харуулаад байсан. Буцааж аваачээ тэр хулгайчаас
2020-05-09