“Бүхнийг ялалтын төлөө”
2020-05-09

Хаврын салхи хавирга нэвт салхилж, хүйтэн байлаа, гадаа. Ажлаа  тараад гэрийн зүг гэдэн годон харайх гэсэн боловч Ялалтын баярын үзэсгэлэн Хан-Уулын Имарт салбарт гарч байгаа гэсэн сураг сонссон учраас харих чиглэлээ өөрчиллөө.

 

Имарт худалдааны  төвөөр оруут хөл хөдөлгөөн ихтэй, амьдрал буцаж, юун корона, эдийн засгийн хямрал цаашаа харагдана. Хүнсний тэрэг түрсэн, хоёр гартаа дааж ядсан тор дүүрэн хүнс өргөөд зөрөлдөх хүмүүс.  Үзэсгэлэнг зорьсон би шууд л гурван давхар руу урсдаг шатаар дээш гарлаа. Коронавирусийн халдвараас сэргийлэх журмын дагуу халуун хэмжиж  оруулж байна.   Шатны хажуугаарх номын тавиурт олон сонирхолтой ном өрсөн харагдана. Онцолж ирээд байдаггүй болоод ч тэр үү олон ном байгаа нь үнэхээр сайхан санагдаж байлаа. Урсгал шатаар дээшлэх зууртаа “үзэсгэлэн хаана болж байгаа бол, одоо ч хүмүүс шавчихсан байгаа даа” бодож явлаа. Гэтэл бодсоноос тэс өөр орчин угтлаа. Тавилгын дэлгүүр, гоо сайхны барааны лангууны хажуугаар хэд тойрч алхаад ч үзэсгэлэнгээ олоогүй  би буцах замд нэг хуучны зурагтай самбар нүдний үзүүрт торж,  Ялалтын баярт зориулсан зурагт үзэсгэлэнгээ “оллоо”.. Ялалтын баярын үзэсгэлэн дээр олон хүн цугласан, дүүр танхимаар төсөөлснөөс ийн будилсан бололтой.

 

Дэлхийн II-р дайны үед ЗСБНХУ-д Монголын  ард түмнээс өгч байсан тусламжийн бэлэг гэсэн хаягтай үзэсгэлэн. Ялалтын баярт зориулсан тус үзэсгэлэн “МАХН-ын Төв хорооны улс төрийн товчооны хурлаар бэлэглэлийн явцыг байнга хэлэлцэж байжээ” гэсэн зургаар үзэсгэлэн эхэлж байна. Зургаан самбар  дараалуулан байрлуулж Маршал Х.Чойбалсан тэргүүтэй удирдлагууд, иргэд Фронтод туслах хөдөлгөөнд нэгдэж  байгаа нөхцөлийг харуулсан байлаа. Зураг тус бүрийн дор тайлбар бичжээ.

 

Энэ жил 1941-1945 оны Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн ой тохиож байгаа.  1941 оны зургадугаар сарын 22-ны өдөр МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчид, БНМАУ-ын бага Хурлын Тэргүүлэгчид, Ардын СНЗ-ийн хамтарсан хурал болж ЗХУ-ын Гитлерийн Герман халдан довтолж байгааг эсэргүүцэж, Монгол-Зөвлөлтийн 1936 оны харилцан туслах протокол гэрээгээр хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, ЗХУ-д бүх бололцоогоор туслахыг ард түмэндээ уриалсан юм. Монголын ард түмэн Зөвлөлтийн Улаан армид сайн дураараа туслах хөдөлгөөнийг “Бүхнийг ялалтын төлөө”, “Бүхнийг фронтод” гэсэн уриан дор дайны жилүүдэд ажиллаж, амьдарч байсан. Зөвлөлтийн  ард түмэнд туслах хөдөлгөөн ажилчин, малчин, сэхээтэн, цэргийн алба хаагчид болон өндөр настан, сургуулийн сурагчид, үндсэндээ Монголын нийгмийн бүх л давхаргын дунд аяндаа, сайн дураараа  үүсэн олон түмнийг хамрах болов.

 

  • 1941 оны арваннэгдүгээр  сард Улаан армид зориулан Монголын ард түмний хуримтлуулсан бэлгийн анхны цувааг илгээв.
  • 1942 оны  хоёрдугаар сард бэлгийн хоёр дахь цувааг илгээв. Гучин долоон вагон бэлгийн цуваанд 148 тн 100 кг төрөл бүрийн мах, 8  тн хиам, 10тн боов боорцог, 4,5 тн тос,  8000 литр архи, 5,5 сая ширхэг папирос, 2750 хос эсгий гутал, 2706 дах, 4100 дулаан хантааз, 1320 богино нэхий  дээл, 6290 хос бээлий, 4500 гэрийн эсгий, 2000 суран бүс болоод савхин гутал, хүзүүний ороолт, хөвөнтэй хувцас, чихэр, лаазтай сүү багтжээ. Түүний үнийн дүн нь: 7,187,140 төгрөг болжээ.
  • 1942 он Октябрийн хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан бэлэглэлийн гурав дахь цувааг мөн оны XI сарын 27нд Наушкаас хөдөлгөжээ.
  • 1943 оны гуравдугаар сарын 01нд Улаан армийн 25 жилийн ойд зориулсан бэлгийн ээлжит дөрөв дэх удаагийн цувааг явуулжээ.
  • 1943 оны арваннэгдүгээр сарын эхээр тав дахь удаагийн бэлгийн цувааг илгээжээ.
  • 1945 оны нэгдүгээр сард зургаадахь удаагийн бэлгийн цуваа Фронтод хүрсэн байна.
  • Сүүлийн хоёр удаагийн цуваанд “Хувьсгалт Монгол” танкийн бригад, “Монгол ард” эскадрильд зориулсан бэлэг багтсан байжээ.

 

БНМАУ-ын 25дугаар бага хурлаас  “Хувьсгалт Монгол Улс” гэдэг нэртэй танкийн цувааг байгуулж, Зөвлөлтийн баатарлаг Улаан цэрэгт бэлэглэх, уг танкийн цуваа даалгасан тогтоолыг гаргажээ. Энэ дагуу манай засгийн газраас 2,5 сая төгрөг, 300 кг алт, 100 мянган америк долларыг 1942 оны хоёрдугаар сард  ЗХУ-ын Гадаад худалдааны банкинд урьдчилан шилжүүлсэн ба мөн оны нэгдүгээр сараас дөрөвдүгээр сарын хооронд ард олноос 2сая орчим төгрөг цугларсан байна. Энэ бүхний үндсэн дээр танкийн бригадыг ЗХУ-д үйлдвэрлэсэн Т-34 загварын танк 32, Т-70 загварын 21, бүгд  53 танкаар бүрдүүлэн байгуулж, 1943 оны нэгдүгээр сарын 12нд  Москвагаас холгүй орших танкийн  112 дугаар бригадын бүрэлдэхүүнд Монголын ард түмний бэлгийн гурав дахь ээлжийг хүргэн очсон маршал Х.Чойбалсан тэргүүтэй төлөөлөгч нар хүлээлгэн өгчээ зэрэг маш олон мэдээллийг багтааж, тухайн үеийн хар зурагт үзэсгэлэнтэй танилцаж хагас цаг болоход нэг ч хүн хажууд ирсэнгүй.

 

Харин хажуу талын гоо сайхны лангуу, кофе шопд миний үеийн залуус, хосууд ярилцаж сууна. Тэдний харцнаас  хэдэн самбар дээр  юу байгааг ч харах сонирхол байхгүй, хүсэхгүй байгаа нь илт байсан юм. Хэрэв хажууд нэг л хүн сонирхохоор ирсэн бол Дэлхийн II-р дайны талаар маш олон зүйл ярилцах хүсэл  надад оргилж байлаа...

 

Энэ бол ялалтын түүх, Монгол-оросын найрамдлын түүх, өвөг дээдсийн бидэнд үлдээсэн үнэт өгөөмөр үнэт өв. Ирээдүй хойч үеийн бид ч түүхээ мэдэж, бахархаж, дурсаж байх хэрэгтэй. Бүхнийг ялалтын төлөө...

Г.Мичидмаа

 

Shuud.mn
Сонин хачин
Zocnin:
Ene ih augaa yalaltiin hucneer bid torj hun boltsgooson gedgee oilgoh heregtei Herew yalagdsan bol yoponii uls bolj ihenh ni uheed zarim ni torohgui cn bj boloh bsaan kk
2020-05-10