COVID-19: Өмнөд Солонгост халдвар дахин өсч, АНУ-д хүүхдүүд хүндээр өвджээ
2020-05-11

 

Дэлхий даяар COVID-19 вирусийн халдвар авсан тохиолдол дөрвөн саяыг давж, өвчний улмаас 280 мянга гаруй хүн амиа алдав. Өмнө нь хөл хориогоо сулруулах талаар зарлаж байсан зарим оронд халдвар авсан хүний тоо өслөө. 

 

Аюулт вирусийн халдвар авсан нь тогтоогдсон ч Сөүл хотын цэнгээний газруудаар орсон залуу эрийн ухамсаргүй үйлдлийн улмаас тус хотод халдварын шинэ голомт үүсч, улмаар Өмнөд Солонгосын эрх баригчид хязгаарлалтуудыг сэргээн бүхий л баар, зоогийн газруудыг дахин хаажээ. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, шинээр 34 халдварын тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн сард гарсан хамгийн өндөр үзүүлэлт аж. Эдгээрээс 26 нь дотроос, найм нь зөөвөрлөгдөн орж иржээ. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин энэ оны сүүл гэхэд тахлын хоёр дахь давалгаа гарч болзошгүйг анхааруулсан байна.

 

Германд сүм хийд нээгдэв

 

Германд ч мөн халдварын тохиолдол нэмэгдсэн талаар DW агентлаг мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт тус улсад хөл хориог сулруулснаас хэдхэн хоногийн дараа халдварын тохиолдол нэмэгдсэн байна.

 

Роберт Кохын нэрэмжит Халдварт өвчнийг судлах хүрээлэнгээс өдөр бүр гаргадаг жагсаалтад онцолсноор суурь нөхөн үржихүйн үзүүлэлт болох R буюу нэг өвчтэй хүнээс халдвар авах хүмүүсийн дундаж тоо 1,1-ээс дээш өсч,  Германд 667 тохиолдол шинээр бүртгэгджээ. Ингэснээр Германд нийт халдвар авсан хүний тоо 171 мянга болж 7,5 мянган хүн нас барсан гэж Жон Хопкинсийн их сургуулийн мэдээлэлд дурджээ.

 

Бундестагийн гишүүн, вирус судлаач, профессор Карл Лаутербах коронавирус дахин тархаж болзошгүйг анхааруулсан байна.

 

"R тоо нэгжээс давж, бид геометрийн прогрессоор халдвар авах явц руу эргээд орно. Хорио цээрийн арга хэмжээг зөөлрүүлэхдээ хангалттай бэлтгэж, төлөвлөөгүй байсан" хэмээн тэрбээр Твиттер хуудсандаа бичжээ.

 

Өнгөрсөн оны сүүлчээр коронавирусийн тахал анх дэгдсэн газар болох Хятадын Ухань хотод сүүлийн сар гаруй хугацаанд анх удаа COVID-19 вирусийн халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. Халдвар авсан хүн нь 89 настай эрэгтэй бөгөөд түүнд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй, харин шинжилгээгээр халдвар авсан нь тогтоогджээ. 

 

Тавдугаар сарын 10-ны байдлаар Хятадад нийтдээ 14 шинэ тохиолдол бүртгэгдсэн гэж БНХАУ-ын Эрүүл мэндийн төв хороо мэдээлсэн байна. 

 

Цагаан ордон дахь халдвар 

 

АНУ-ын Цагаан ордонд тусгай штабын гурван ажилтан COVID-19 вирусийн халдвар авсан хүмүүстэй харилцсаны дараа өөрсдийгөө тусгаарлажээ.

 

NBC агентлагийн мэдээлснээр, АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенсийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Кети Миллерээс COVID-19 вирусийн халдвар илэрсэн байна.Түүнчлэн Харшил, халдварт өвчнийг судлах үндэсний хүрээлэнгийн захирал, доктор Энтони Фаучи, Халдварт өвчний тархалтын хяналтын төвийн захирал, доктор Роберт Редфилд, Хүнсний бүтээгдэхүүн болон эм бэлдмэлийн чанарын хяналтын газрын комиссар Стивен Хан нар вирусийн халдвар авчээ. 

 

Энэ улсад хүүхдүүдэд вирусийн халдвараар үүсгэгдсэн өвчний шинж тэмдэг нэн хүндээр илэрсэн тохиолдол багагүй бүртгэгдсэн байна. Үүнээс өмнө мэргэжилтнүүд коронавирус хүүхдүүдэд багахан шинж тэмдэгтэйгээр илэрдэг гэж үзэж байв. 

 

Гэтэл өнгөрсөн долоо хоногт Нью-Йорк хотноо 85 хүүхэд Кавасаки өвчний /shuud.mn: өндөр халуурах, бүх биеэр тууралт гарах, нүдний салст улайх, зэрэг шинж тэмдэг илэрдэг өвчин/ үед илэрдэг шинж тэмдэгтэй, хордлогын шоконд орсон байдалтайгаар эмнэлэгт хүргэгдсэн байна. Ийм байдалтай эмнэлэгт хүргэгдээд нас барсан гурван хүүхдэд COVID-19 вирусийн халдвар шинжилгээгээр илэрсэн бөгөөд бусад хүүхдүүдэд шинжилгээ хийж байгаа гэнэ. Гэхдээ хүүхдүүд нас барсан нь коронавирустэй шууд холбоотой гэдэгт мэргэжилтнүүд хараахан итгэлгүй байгаа гэж NВС дамжуулжээ.

 

Европ дахь нөхцөл байдал

 

Франц болон Испани улс хөл хориогоо зөөлрүүлж эхлэхээр төлөвлөсөн. Бямба гаригт албан ёсны мэдээллээр Францад 80 хүн шинэ төрлийн коронавирусийн халдварын улмаас нас барсан нь дөрөвдүгээр сарын эхэн үеэс хойших хамгийн бага үзүүлэлт аж. Мөн Францын ахмадын асаргааны байрнууд дахь нас баралтын тоо ч буурчээ. 

 

Испанид даваа гаригаас эхлэн хөл хориог аажмаар цуцалж байна. Хүмүүс гадаа зугаалж болох бөгөөд 10 хүртэлх тооны хүн нэг дор цуглахыг зөвшөөрчээ. Зоогийн газрууд хүргэлт, авч явах хүнс хоолоор үйлчлэх бол өргөн хэрэглээний бус бараа бүтээгдэхүүн худалддаг дэлгүүрүүд ч нээгдэж байна.

 

Гэхдээ Испани улс дотроо нөхцөл байдал хамгийн хүнд байгаа Мадрид, Барселон зэрэг томоохон хотуудад хөл хориог сулруулаагүй юм.

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Халдвараас болгоомжлохгүй мангар
2020-05-11