Хонконг: 200 орчим жагсагч баривчлагджээ
2020-05-11

Хонконгийн Монгкок дүүрэгт тавдугаар сарын 10-ны өдөр болсон Засгийн газрын эсрэг жагсаалд оролцсон 200 орчим жагсагчийг цагдаагийнхан баривчилсан талаар Regnum мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, тавдугаар сарын 10-ны ням гаригт эсэргүүцэгчид томоохон худалдааны төвүүдэд цугларсан байна. Энэ үеэр цагдаагийнхан тэднийг хүмүүс хоорондын зай барих журмыг зөрчиж байгаа тул тарахыг шаардсан ч жагсагчид таралгүй гудамжинд гарч, зорчих хэсэг рүү хог шидэх, шатаахыг оролджээ.

 


Эргэн сануулахад өнгөрсөн оны зунаас эхлэн Хонконг эсэргүүцлийн жагсаал дунд амьдарсан. Анхлан Хонконгийн эрх баригчид эх газрын Хятад руу сэжигтэн шилжүүлэх хуулийн төсөл боловсруулсныг эсэргүүцэн иргэд нь олон нийтийн эсэргүүцлийн ажиллагаа эхлүүлсэн бол олон сар тэмцсэний дүнд хуулийн төсөл татагдсан ч байдал тогтворжсонгүй, Засгийн газрын эсрэг жагсах болсон юм.

 

Харин дэлхий даяар цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор коронавирусийн тархалтаас сэргийлэх зорилготой хязгаарлалтын арга хэмжээг Хонконгод авч хэрэгжүүлснээр эсэргүүцэл намжаад байв. Гэвч Хонконгод хязгаарлалтын арга хэмжээг зөөлрүүлснээр оршин суугчид дахин эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулах болжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин