Владимир Путин: Эрүүл мэндийн системд ирэх эрсдэлгүй болсон тул эдийн засагт анхаарна
2020-05-12


ОХУ-д өнөөдөр буюу тавдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ажлын бус өдрүүд дуусаж байна. Гэхдээ ажлын бус өдрүүдийг сунгах эсэх шийдвэрийг мужуудын эрх баригчид гаргах эрхтэй гэж Оросын Ерөнхийлөгч Владимир Путин тавдугаар сарын 11-ний коронавирусийн нөхцөл байдлаар хийсэн зөвлөгөөний үеэр мэдэгджээ. 

 

Путины өгүүлснээр, тавдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн эрчим хүч, хөдөө аж ахуй, аж үйлдвэр зэрэг эдийн засгийн гол салбаруудын үйл ажиллагааг аль болох сэргээх хэрэгтэй гэнэ. Бүс нутгийн эрх баригчид тухайн нутаг дэвсгэр дээр нь үүссэн нөхцөл байдлаас хамаарч хязгаарлалтыг сулруулах эсвэл чангатгах шийдвэр гаргах бөгөөд мөн захирагчид эрүүл ахуйн шаардлага мөрдөөгүй байгууллагуудын үйл ажиллагааг зогсоох эрхтэй болох аж. 

 

Ажлын бус өдрүүд нийтдээ зургаан долоо хоног үргэлжилсэн гэдгийг Владимир Путин цохон тэмдэглээд энэ арга хэмжээ нь ОХУ-ын бүхий л бүс нутгуудад коронавирусийн үр дагавартай тэмцэх ажилд сайтар бэлтгэх боломж олгосон хэмээн үзжээ. Улмаар эрүүл мэндийн системд хэт ачаалал ирэх эрсдэл үгүй болсон тул ажлын бус өдрүүдийг дуусгавар болгох боломжтой гэж Путин үзсэн байна. 

 

Зөвлөгөөний үеэр Оросын Ерөнхийлөгч коронавирусийн тестийн тоог хоёр дахин эмж, хоногт 300мянга гаруй оношилгоо хийдэг болно гэж амласан байна.

 

Мөн 65-аас дээш настай хүмүүс болон архаг хууч өвчинтэй хүмүүсийн хувьд хязгаарлалтын арга хэмжээ урьдын адил үйлчилнэ гээд “Гэртээ суух хүндрэлтэй ч энэ бол амь нас, эрүүл мэндийн асуудал” хэмээн мэдэгджээ. 


Бизнест үзүүлэх дэмжлэг 


Цар тахлын улмаас хохирол амссан аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх дэмжлэгийг хэвээр үргэлжилүүлнэ гэж Путин амласан байна. Түүний өгүүлснээр Оросын эдийн засгийг дэмжих шинэ багц арга хэмжээ хэдийнэ батлагджээ. 


Мөн бизнес болон энгийн иргэдэд шууд тусламж үзүүлэх шаардлагатайг Путин цохон тэмдэглээд хүүхэдтэй гэр бүлүүдийг дэмжихэд онцгой анхаарал хандуулна гэдгийг цохон тэмдэглэсэн байна. 

 

Цар тахлын улмаас ажилгүйдэл өсч байгаад санаа зовниж байгаагаа Оросын Ерөнхийлөгч илэрхийлсэн байна. Дөрөвдүгээр сарын эхнээс хойш Орост ажилгүй иргэдийн тоо хоёр дахин өсч 1,4 саяд хүрчээ. Энэ асуудлыг тавдугаар сарын сүүлээр болох тусгай зөвлөгөөн дээр хэлэлцэн, шийдвэрлэх арга хэмжээнүүдийг боловсруулна гэж Путин амласан байна. 

 

Ирэх сарын нэгнээс ажил эрхлэлтийг дэмжих зээлийн хөтөлбөр эхлүүлэхээр төлөвлөж байгааг Владимир Путин дуулгалаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд, ажлын бус өдрүүдийн горим үйлчлэх үеэр ажилтнуудаа халаагүй байгууллагууд дөрөв болон тавдугаар сарын цалин тавих мөнгийг улсаас авах аж. Түүнчлэн энэ хөтөлбөрийн хүрээнд авсан зээлийн хүүг тэглэх юм байна. 

 

Түүнчлэн бага, дунд бизнес эрхлэгчдийг хоёрдугаар улирлын бүхий л татвар, даатгалын хураамжаас чөлөөлөхөөр болжээ. Энэ хөнгөлөлтөнд 1,5 сая гаруй компани хамрагдах тооцоотой байгаа гэнэ. Мөн хувиараа хөдөлмөр эрхлэгчээр бүртгүүлж, татвар төлдөг бүхий л хүмүүсийн 2019 оны орлогын албан татварыг эргүүлэн олгох саналыг Путин гаргажээ. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин