ЭЕШ: Монгол, англи, орос хэлний хичээлийн сонсох чадвар сорьсон даалгаврыг хассан
2020-05-12

 

Энэ жилийн ЭЕШ-ын бүртгэл дууссан.  Шалгалт долдугаар сарын 02-05-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Тэгвэл коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалж ЭЕШ-ын журамд ямар өөрчлөлт орсон талаар  БҮТ-ийн элсэлтийн шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайханаас тодрууллаа.

 

-Цаг үеийн байдлаас шалтгаалж энэ жилийн ЭЕШ-ын журамд өөрчлөлт орсон уу?

 

-Энэ жилийн ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 15-ны 18:00 цагт дууслаа. Нийт 30890 шалгуулагч бүртгүүлсэн байна. Үүнээс 2500 орчим нь  өмнөх оны төгсөгчид байгаа.

 

ЭЕШ долдугаар сарын 02-05-ны өдрүүдэд явагдана.  Шалгалтын журам нэгдүгээр сард батлагдсан байсан. Харин цаг үеийн асуудал, коронавирусийн цар тахлаас үүдэн шалгалтын журамд хэдэн хэдэн өөрчлөлт орлоо.Үүнд:

 

-Суудлын хуваарийг хэвлэх, технологийн хувьд бага зэргийн өөрчлөлт орж байна. Сурагчдын тухайн шалгалтын байранд ирэх цагийг тодорхой зааж өгч байна. Шалгалтын байранд ирээд эрүүл мэндийн үзлэгт хамрагдах гурван хэсэг байгаа. Энэ гурван хэсгийн аль хэсгээр нь нэвтрэхийг тухайн суудлын хуваарь дээр тодорхой зааж өгсөн.  

 

-Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нэг анги, танхимд 12 шалгуулагч сууж шалгалт өгөх болсон. Иймээс шалгалтын байрыг нэмэх шаардлага гарсан. Ойролцоогоор 80 шалгалтын байр хэрэгтэй болоод байна.  Гэтэл бид 50 шалгалтын байранд бол сонсох чадварын шалгалтыг даалгаврыг гүйцэтгэх төхөөрөмжийг байршуулсан байна. Тэгэхээр цаана нь 30 шалгалтын төхөөрөмж байршуулж чадахгүйд хүрсэн. Ийм учраас энэ жил англи хэл, орос хэл, монгол хэлний хичээлийн сонсох чадвар сорьсон даалгаврыг  шалгалтын агуулгаас хасах шийдвэрийг гаргасан.

 

-Шилэн технологийг  2018 онд анх туршаад, 2019 онд үндэсний хэмжээнд бүрэн  хэрэгжүүлсэн.  Энэ жил шууд шалгалтын технологийг өнгөрсөн жилийнхтэй адилхан хэмжээнд  хийж чадахгүйд хүрч байна. Өөрөөр хэлбэл, засагч машины тоо хүрэлцэхгүй байна гэсэн үг.  Хоёр шалгалтын төвийн дунд нэг машин ажиллаж магадгүй нөхцөл байдал үүссэн. Шалгалтын дүнг өдөр өдөрт нь гаргадаг энэ системээ ашиглана. Лайв байдлаар дамжуулах уу? Эсвэл засаж, дууссаны дараа шалгуулагчийн булан дээр дүн оноог нь байршуулах уу гэдэг  асуудал нь өөр төвшинд яригдах асуудал байна. Цаг үеийн асуудлын улмаас энэ жилийн ЭЕШ-ын журамд ийм өөрчлөлтүүд орж байна.

 

-Хөдөө орон нутагт шалгалтын байр хүрэлцээтэй юу?

 

-Аймгийн төвүүдэд  одоогоор хоёр шалгалтын байр бэлдсэн байна. Нэг сургууль дээр 500 дээш хүүхэд байлгахгүйгээр шийдвэрлээд, аймаг орон нутагт  байр хүрэлцээтэй  байна.

 

-Шалгалтын эцсийн дүн хэзээ гарах вэ?

 

-Шалгалтын эцсийн дүн долдугаар сарын 06-нд БҮТ-өөс зарлана.  Долдугаар сарын 07,08-ны өдрүүдэд их, дээд сургуулиудын элсэлт онлайнаар зохион байгуулагдана. Тухайн сарын 09,10-ны өдрүүдэд БҮТ болон төгссөн сургуулиудаасаа  ЭЕШ -ын батламжаа авна.

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин