Д.Нямхүү: Нийт 15 хүн эдгэрч, 27 хүн эмчлүүлж байна
2020-05-12

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.05.12/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн дарга Я.Буянжаргал, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 215 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ.  4,2  сая хүн халдвар авч,   286 мянган хүн нас барж,   1,5 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан.   2,4  сая хүн коронавирусээс үүдэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 72 мянган хүн коронавирусийн шинэ халдвар авч, 3 мянга гаруй хүн нас барсан байна. Өчигдрийн байдлаар ЗӨСҮТ-ийн баг Гуанжу-Улаанбаатар, Франкфурт-Улаанбаатараас ирсэн ачааны хоёр онгоцны 5 тонн ачааг бүрэн халдваргүйжүүллээ.  119 дугаарын утсанд  241  дуудлага ирсэн байна.  119 шуурхай дугаарын аппликейшнд 37 дуудлага ирсэн бөгөөд  гадаадын зургаан улсаас холбогдлоо. Дэлхийн эрдэмтэд хэдийгээр коронавирусээс өвчилсөн ч гэсэн дархлаа, эсрэг бие үүсэх нь бага байгаа учраас хүн бүр эрсдэлтэй гэж байгаа. БНХАУ-д даваа гарагт 17 шинэ тохиолдол бүртгэгдсэний тав нь Хубэй муж улсын Ухань хотод бүртгэгдсэн дотоодын халдвар байна. Энэ бол Ухань хот аюулын зэргээ бууруулснаас хойш голомтлон гарч байгаа анхны тохиолдол. БНСУ-д өчигдрийн байдлаар 56 хүн өвчилж 2 хүн нас барлаа. Мөн БНГУ-д хөл хорио суларсны дараах эргээд өвчлөл нэмэгдэж байгаа дүр зураг ажиглагдаж байна. ДЭБМ-аас коронавирусийн тархалтаар АНУ, Испани, ОХУ, Их Британи,  Итали,  ХБНГУ,Бразил, Турк, Франц, Иран улс эхний 10-т жагсаж байна.  БНСУ-д шинээр 27 тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. Нийт тохиолдол 10936 болжээ.

 

ОХУ-д 11600 гаруй  тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 221 мянга гаруйд хүрч, нас баралт 2 мянга давсан байна. Тус улсад сүүлийн өдрүүдэд  дунджаар 10 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ард иргэддээ хандаж мэдээлэл хийхдээ энэ мягмар гарагаас эхлэн хязгаарлалтын арга хэмжээнүүдээ цуцалж байгаа талаараа мэдэгдсэн байна. Москва хотын хувьд нийтийн тээврээр зорчих тавигдах цахим үнэмлэхний шаардлага зэрэг  бусад хязгаарлалтын арга хэмжээнүүд хэвээр мөрдөгдөх юм байна. ДЭМБ-ын Европын бүсэд Франц, Испани зэрэг улсууд хязгаарлалтын арга хэмжээгээ шатлан сулруулж байна. Австрали, Шинэ Зеланд хөл хорионы дэглэмээ сулруулж эхэлсэн байна. Тухайлбал, Шинэ Зеландад энэ пүрэв гарагаас эхлэн кино театр, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг, энэ сарын 18-аас эхлэнэ хичээл сургуулийг нээх болсон байна. Харин Австрали улсад зарим муж улсуудад хязгаарлалтын арга хэмжээнүүдээ өөр өөр байдалтай сулруулах юм байна.

 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн дарга Я.Буянжаргал:

 

-Өнөөдрийн байдлаар 982 хүн ажиглалтад байна. Нэгдүгээр сарын 09-ээс хойш 6235 иргэний тусгаарлан ажигласан. Тав хүртэлх насны хүүхэд-49, Жирэмсэн эмэгтэй-40, Хорт хавдартай 6, зүрх судасны эмгэгтэй 50 гаруй иргэд байгаа. Энэ иргэдийн сахиур 12 хүн тусгаарлалтад байна. Улсын хэмжээнд ажиглалтад байгаа иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг 141 эмч эмнэлгийн ажилчид хүргэж ажиллаж байна. Нийслэл хотод гэрийн тусгаарлалтад 3106 иргэн байсан. Өнөөдрийн байдлаар 450 иргэн тусгаарлагдаж байна.110 өрхийн эрүүл мэндийн төв эрүүл мэндийн тусламж үзүүлж байгаа. Түргэн тусламжийн үйлчилгээ хоногтоо 1844 тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээг улсын хэмжээнд  үзүүлсэн байна.  Эрчимт эмчилгээний сургалтад эмч, эмнэлгийн ажилтнуудыг сургаж байна.

 

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

 

-ХӨСҮТ-ээс нэг хүн эдгэрч дараагийн ажиглалт хяналтад шилжлээ. Нийт эдгэрсэн хүний тоо 15 боллоо. Одоо ХӨСҮТ-д 27 хүн эмчлүүлж байгаа. Мөн хоёр хүн гарах дөхөж байна. ХӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторит 80 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Шинжилгээг задалж хэлбэл ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30 хүний давтан шинжилгээ,  тандалтын зорилгоор  29 хүний шинжилгээнд  коронавирус илрээгүй. Алтанбулаг боомтоор орж ирсэн 21 ачаа тээврийн жолоочид коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д нийт 102 хүн эмчилгээ, тандалтад байна гэв.

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин