COVID-19: Москвад амны хаалт зайлшгүй зүүх журам үйлчилж эхлэв
2020-05-12

Тавдугаар сарын 12-ны мягмар гаригаас Москва хотноо "амны хаалтны горим" үйлчилсэн бөгөөд энэ журам үйлчилснээр хотын иргэд дэлгүүр, худалдааны төв, нийтийн тээвэр, такси болон ажлын байрандаа зайлшгүй амны хаалт зүүж, бээлий өмсөх шаардлагатай болж байгаа юм. 

 

Оросын нийслэлд амны хаалт, бээлий зайлшгүй хэрэглэх журам тогтооно гэж Москва хотын дарга Сергей Собянин тавдугаар сарын долооны өдөр мэдэгдэж байлаа. Улмаар Москвагийн нийтийн тээврийн хэрэгслээр амны хаалтгүй үйлчлүүлвэл 5000 рублийн торгууль /монгол мөнгөөр 177 мянган төгрөг орчим/, бусад олон нийтийн газарт бол 4000 рубль /монгол мөнгөөр 142 мянган төгрөг орчим/-ийн торгууль ноогдуулна гэсэн мэдээлэл гарч байв.

 

Үүний дараа Москва хотын Хяналтын Ерөнхий Газраас амны хаалт зүүх болон бээлий өмсөх шаардлагын аль нэгийг л биелүүлээгүй бол торгууль ноогдуулна гэж анхааруулж байсан юм.

 

Энд дуулгахад, ОХУ-д COVID-19 вирусийн халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж, тус улс нийт халдварын тоогоор дэлхийд гуравдугаарт бичигдэх болсон. Энэ улсад нийт халдварын тоо 221 мянгыг давсан бол 2009 хүн вирусийн халдварын улмаас амиа алджээ. Харин халдвар анх бүртгэгдсэнээс хойш нийтдээ 39801 хүн эдгэрсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин