Т.Бадрахбаяр: Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан сараас нь олгоно
2020-05-14

 

Засгийн газраас эдийн засгийн үйл ажиллагааг дэмжих хоёр дахь багц арга хэмжээний  хүрээнд халамжийн тэтгэвэр тэтгэмжийг нэмсэн. Энэ арга хэмжээний хэрэгжилтийн талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Бадрахбаяраас тодрууллаа.

 

-Засгийн газраас эдийн засгийн үйл ажиллагааг дэмжих хоёр дахь багц арга хэмжээний  хүрээнд халамжийн тэтгэвэр тэтгэмжийг нэмсэн. Үүнд ямар иргэд хамрагдах вэ?

 

-Засгийн газраас covid-19  цар тахлын үед нийгмийн эмзэг бүлгийн нэн тэргүүнд анхаарах шаардлагатай иргэддээ дэмжлэг үзүүлэхээр хоёр дахь багц арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Засгийн газрын тогтоолоор нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авч байгаа иргэдийн сар бүр авдаг тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрт нийгмийн халамжийн сангаас 188 мянган төгрөгийн  тэтгэвэр авдаг 54 мянган иргэн  тавдугаар сарын 01-ээс аравдугаар сарын  01 хүртэл хугацаанд  сар бүр 100 мянган төгрөгний  нэмэгдсэн дүнгээр  288 мянган төгрөг авахаар болсон.  

 

Нийгмийн даатгалын сангаас ямар нэгэн байдлаар шимтгэл төлж тэтгэвэр авах эрх нь үүсээгүй иргэд, ахмад настанууд 60 хүртэлх насны эрэгтэй, 55 хүртэлх насны эмэгтэйчүүд халамжийн сангаас тэтгэвэр авдаг. Нийт 3200 орчим иргэн халамжийн сангаас тэтгэвэр авдаг, Иргэд сар бүр 188 мянган төгрөг авдаг байсан бол 288 мянган төгрөг авна.

 

Хөдөлмөрийн чадвараа 50-аас дээш хувь алдсан 18 насанд хүрсэн  хөгжлийн бэрхшээлтэй 36500 орчим иргэдийн тэтгэвэр заагдсан хугацаанд 288 мянган төгрөгийн тэтгэвэр  авна.

 

100 гаруй одой иргэн тэтгэвэр авч байна. Мөн  0-18 насны 14500 орчим хүүхэд тэжээгчээ алдсан тэтгэвэр авдаг. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр  нэмэгдэж байна.  0-16 насны байнгын асаргаа шаардлагатай хүүхдүүд сар бүр 188 мянган төгрөг авдаг байсан бол 288 мянган төгрөг болж авч байна.

 

Энэ нэмэгдлүүдэд  зарцуулах хөрөнгийн эх үүсвэр Сангийн яамнаас манай яаманд нэмэгдүүлэн олгож энэ сарын 15-аас эхлэн нэмэгдэлтэй дүнгээр олгохоор болж байна. Мөн хүүхдийн мөнгийг нэмэгдүүлсэн. Хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгодог. Дөрөвдүгээр  сараас эхлэн 10 мянган төгрөгөөр нэмэгдэж 30 мянган төгрөг болсон. Засгийн  газрын тогтоолоор дахин нэмэгдэж дөрөвдүгээр сарын 01-ээс аравдугаар сарын 01 хүртэл зургаан сарын хугацаанд Монгол улсын харьяат бүх хүүхдэд 100 мянган төгрөг олгохоор шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн дагуу хүүхдэд дөрвөн сарын нэмэгдэл 70 мянган төгрөгийг нь нөхөн олгосон. Энэ нөхөн олголтод 1122000 хүүхэд хамрагдсан. Энэ сарын 20-нд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгоно. Хүүхдийн мөнгө авдаггүй байсан бол өөрийн  харьяа дүүрэг, сумынхаа нийгмийн халамжийн мэргэжилтэнд хүсэлт гаргаад, өөрийн сонгосон банкинд хүүхдийн мөнгөний дансыг нээлгэнэ. Өөрийн сонгосон арилжааны банкинд данс нээлгээд банкнаас таны хүүхдийн мөнгөний дансыг Хөдөлмөр халамжийн ерөнхий газар руу сар бүрийн 10-ны дотор илгээж баталгаажуулна. Тухайн хүүхдийн хүсэлтийг, банкнаас ирсэн дансны мэдээлэлтэй тулгаж, улсын бүртгэлийн мэдээлэлтэй тулгаснаар хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгоно. Энэ  сарын 15-наас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг  олгох бол, сарын 18-аас цалинтай ээж, жирэмсэн эхийн тэтгэмжийг олгоод, сарын 20-нд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгоно.

 

-Хүнсний талонд хичнээн өрх хамрагддаг вэ? Ямар шалгууртай вэ? Талоноор авах хүнсний нэр төрлийг заасан байдаг уу?

 

-Хүнсний талон улсын хэмжээнд 240 гаруй мянган иргэнд олгодог. Сар бүр хүнснийхээ хэрэгцээг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор амьжиргааны түвшингээр нь босго шугам татаад олгодог хүнсний эрхийн бичиг үйлчилгээ. Энэ нь тухайн өрхийн насанд хүрсэн иргэнд 16 мянган төгрөг, хүүхдэд 8 мянган төгрөг олгодог байсныг хоёр дахин нэмэгдүүлж хүнсний талон авч байсан насанд хүрсэн иргэнд 32 мянга, хүүхдэд 16 мянган төгрөг олгохоор болсон.

 

Хүнсний талон олгох үйлчилгээг улсын хэмжээнд хоёр хэлбэрээр зохион байгуулдаг.  Нийслэл болон аймгийн төвүүдэд цахим хэлбэрээр олгодог. Өөрөөр хэлбэл хүнсний эрхийн бичиг авч байгаа иргэд маань хүнсний талоны банкны карттай байдаг. Тухайн картад нь насанд хүрсэн иргэн, хэдэн хүүхэд байна гэдгээр нь  тооцож мөнгийг нь шилжүүлдэг. Орон нутаг, сумдуудад картаар үйлчлэх боломжгүй учраас хүнсний эрхийн бичиг гэж үнэт цаасыг олгодог.  Иргэд тухайн сум дүүрэгтээ сонгон шалгаруулалтад тэнцсэн дэлгүүрт очиж үйлчлүүлдэг. Бид тухайн дэлгүүртээ гэрээ хийдэг. Иргэнд ямар төрлийн бараагаар үйлчлэх, ямар шаардлага хангаж үйлчлэх зэргийг гэрээн дээр тодорхой заадаг. Гэрээнд  тусгасан арван нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр үйлчлэх ёстой.  Үүнд:

Мах, махан  бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн, гурил будаа, давс элсэн чихэр, өндөг жимс жимсгэнэ зэрэг хүнсний бүтээгдэхүүн багтана. Хүнсний эрхийн бичгээр хүнснээс өөр бараа, архи тамхи, согтууруулах ундаа авахыг хориглодог. Харин гэрээт дэлгүүрт гэрээнд зааснаас өндөр үнээр борлуулах, чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнээр үйлчлэхийг хатуу хориглож, зөрчсөн тохиолдолд гэрээг цуцалж, хариуцлага тооцдог.

 

-Амьжиргааны түвшин харгалзахгүйгээр хүүхэд  бүрд зургаан сарын хугацаанд 100 мянган төгрөг  олгож байгаа. Өмнө нь хүүхдийн мөнгө авч байгаагүй иргэд  хүүхдийн мөнгө авах хүсэлтээ энэ сард гаргавал өмнөх сарын мөнгө нөхөн олгогдох уу?

 

-Хүүхдийн мөнгө олгох журмаар хүүхдийн мөнгөн тэтгэмжээ авах хүсэлт гаргасан сараас нь эхлэн олгоно. Өмнө сард хүсэлтээ гаргасан  ч ямар нэгэн шалтгаанаар тухайн сардаа авч чадаагүй бол хүсэлт гаргасан сарынх нь мөнгийг  нөхөж олгоно. Харин энэ сард хүсэлтээ гаргасан бол энэ сараасаа л хүүхдийн мөнгөө авна гэсэн үг.

 

-Эмзэг бүлгийн иргэдийн тоо нэмэгдсэн үү?

 

-Цах тахлын үед амьжиргааны түвшин буурч байгаа. Гэхдээ Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хоёр багц арга хэмжээний хувьд үр дүнгээ өгч байна.

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хүсэлт гаргасан ч хүүхдийн мөнгө орохгүй бөйнм хорооны халамж, нийгммйн ажилтан маш муу ажиллаж байна маш залхуу
2020-05-16
Зочин:
Хүсэлт гаргаад ч хүүхдийн мөнгө ордоггүйээ. Хорооны нийгмийн ажилтан, халамжийн ажтлтан маш залхуу ажлаа хийж илэвхи муу байна.
2020-05-16
По:
Хүнсний талон чинь архидалтын үндэм болоод байна. Сайн судалж байж өгөөчээ
2020-05-14
нөхөж олгох ёстой!:
Юу гэсэн үгүү? янз бүрийн санал асуулгаар мөнгө олгох боломжгүй гэж хасаж хаячаад одоо болохоор мөнгө өгнө нөхөж өгөхгүй ч гэх шиг!!! Үндсэн хуулинд заагдсан тэгш эрхээ эдлэх ёстой бусуу!!!
2020-05-14