COVID-19: Испани, Италид нас баралтын тоо эрс буурч, Бразилд өсөж байна
2020-05-18

Жон Хопкинсийн их сургуулийн мэдээлснээр дэлхий даяар COVID-19 вирусийн халдвар авсан хүний тоо 4,7 саяд хүрч, 315 мянга гаруй хүн нас баржээ. Дэлхийн улс орнуудаас илүүтэй анхаарал татаж байгаа орнуудын нөхцөл байдлын талаар тоймлон хүргэж байна. 

 

Испани, Итали хөл хорионоос гарч байна

 

Испанид гуравдугаар сарын дунд үеэс хойш анх удаа вирусийн халдвараас үүдэлтэй нас баралт хоногт 100-аас бага бүртгэгдсэн байна. Испанид тахлын оргил үед өдөр бүр 950 хүртэлх өвчтөн нас барж байв. Харин ням гаригийн байдлаар хоногт 87 нас баралт бүртгэгдсэн бол коронавирусийн халдвар авсан хүмүүсийн гуравны хоёр нь эдгэрчээ.

 

Даваа гаригаас эхлэн Испанид зарим хязгаарлалтын арга хэмжээг цуцалж байгаа бол Мадрид, Барселона гэсэн томоохон хотуудад мөн Кастили, Леон мужуудад одоогоор хөл хориог цуцлах боломжгүй гэж эрх баригчид мэдэгдсэн байна.

 

Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн, Испанийн Цар тахалтай тэмцэх арга хэмжээг зохицуулах төвийн захирал, доктор Фернандо Симоны мэдэгдсэнээр тус улс өвчлөл тархахад цэг тавьж бараг чадсан гэнэ. Тэрбээр энэ тухайгаа ВВС агентлагт ярьсан байна. Түүнчлэн COVID-19 вирусийн хоёр дахь давалгаа үүсэх эрсдэл өндөртэй байгааг Симон сэрэмжлүүлээд албан ёсны зөвлөмжийн дагуу бүх хүн амны хаалт зүүх шаардлагатайг анхааруулжээ. 

 

Энд дуулгахад, өвчлөл тархахаас сэргийлэхийн тулд Испани руу зөвхөн тус улсад амьдрах зөвшөөрөлтэй иргэдийг усан эсвэл агаарын замын тээврээр ирэхийг зөвшөөрсөн. Мөн гадаад орноос Испанид ирсэн хүн бүр 14 хоног өөрийгөө тусгаарлах ёстой аж. 

 

Коронавирусийн халдвараас үүдэлтэй өвчлөл болон нас баралтын тоогоор дэлхийд тэргүүлэгчдийн тоонд орж байсан Итали улс ням гаригт мэдэгдэл хийхдээ хоногт 145 хүн нас барсан гэж мэдээлсэн юм. Энэ нь хоёр сарын өмнө тус улсад хөл хорио тогтоосноос хойших хамгийн бага үзүүлэлт аж. 

 

Өнөөдөр буюу тавдугаар сарын 18-наас эхлэн Италид кафе, бар, зоогийн газар, гоо сайхны салон болон үсчин үйл ажиллагаагаа сэргээж байгаа юм. Гэхдээ эдгээр байгууллагуудын ажилтан болон үйлчлүүлэгчид хоорондоо нэг метрийн зай баримтлахын дээр амны хаалт зүүх зайлшгүй шаардлагатай аж. Италийн зарим мужуудад сүм хийдийн үйл ажиллагааг мөн сэргээсэн бөгөөд гэхдээ нэг дор цуглах мөргөлчдийн тоог хязгаарлажээ.

 

Бразилд нас баралт өсжээ

 

Европд коронавирусийн цар тахал буурах тийшээ хандаж байгаа бол Латин Америкт байдал хурцдаж байгаа талаар ВВС мэдээллээ.

 

Тухайлбал, Бразил улс бямба гаригийн байдлаар халдвар авсан хүний тоогоор Испани, Италийг ардаа орхин, АНУ, Орос, Британийн араас дөрөвдүгээрт бичигдэх болов. Тавдугаар сарын 16-ны байдлаар Бразильд хоногт 15 мянган халдварын тохиолдол шинээр бүртгэгдсэн бол тавдугаар сарын 18-ны өглөөний байдлаар халдварын тохиолдол 241 мянгад хүрчээ.

 

Мөн бямба гаригийн байдлаар хоногт 816 хүн нас барсан бөгөөд тавдугаар сарын 18-ны өглөөний байдлаар тус улс дахь COVID-19 вирусийн халдвараас үүдэлтэй нас баралт 16 118 болсон нь дэлхийд тавдугаарт бичигдэх үзүүлэлт юм.

 

Гэхдээ Бразилд COVID-19 вирус илрүүлэх шинжилгээнд хамрагдах хүний тоо хангалтгүй байгаа учраас нас баралтын бодит тоо илүү өндөр байж мэднэ гэж шинжээчид анхааруулж байна.

 

"Бразилд зөвхөн эмнэлэгт хүргэгдэж ирсэн хүмүүст л шинжилгээ хнийж байгаа. Одоо байгаа мэдээлэл дээр тулгуурлан өнөөгийн нөхцөл байдлын талаарх ойлголтыг авахад тун хүндрэлтэй. Бидэнд энэхүү халдвартай тэмцэх жинхэнэ стратеги гэж алга" хэмээн Сан-Паулугийн Их сургуулийн эрдэмтэн Доминиго Алвес "France Press" агентлагт ярьжээ.

 

Тэрбээр Бразил дахь коронавирусийн халдварын бодит тоо албан ёсны мэдээллээс 15 дахин их гэсэн судалгааг бусад эрдэмтэдтэй хамтран гаргаж байв.

 

Ази дахь нөхцөл байдал 

Тайландын эрх баригчид ням гаригт худалдааны төвүүдийг нээх шийдвэр гаргасан бөгөөд үйлчлүүлэгчдийн биеийн халууныг хэмжин нэвтрүүлэхээр болжээ. Энэ улсад халдварын тоо 3028-д хүрсэн бол 28 хүн вирусийн халдварын улмаас нас барсан юм. 

 

Харин Катарт амны хаалт зайлшгүй зүүх журам гаргасан бөгөөд энэ журмыг зөрчвөл торгууль хүлээх аж. Журам ням гаригаас эхлэн үйлчилсэн, гэрээсээ амны хаалтгүй гарсан хэн бүрийг гурав хүртэлх жилээр хорих эсвэл 200 мянган риал /55 мянган доллар/ -аар торгох юм байна. 

 

Катар бол Арабын ертөнцдөө халдварын тоогоор тэргүүлж байгаа улс юм.Ердөө 2,7 сая хүн амтай энэ улсад 32 604 халдвар бүртгэгдсэн нь маш өндөр үзүүлэлт бөгөөд тиймээс энэ улсад сүм хийд, сургууль, худалдааны төвүүдийг хаасан байна. Гэхдээ 2022 онд болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийн объектуудыг барих ажил зогсоогүй гэнэ. Энэ барилга дээр ажиллаж байгаа ажилчдын эрүүл мэндийг хамгаалахын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авсан гэж эрх баригчид мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин