Д.Нямхүү: Халдвар нэмэгдээгүй, хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарлаа
2020-05-19

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.05.019/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага COVID-19 халдварыг дэлхийн хэмжээний цар тахал гэж зарласантай холбогдуулан энэ жилийн ээлжит 73 дугаар ассамблейг энэ сарын 18-19-ний өдрүүдэд виртуал хэлбэрээр зохион байгуулж байна. ДЭМБ-ын Ерөнхий захирал Др. Тедрос Гебрейусус "Коронавирустэй тэмцэх шидэт арга одоогоор бидэнд алга. Дэлхийн бүх улс орны ард иргэд амгалан тайван оршиход амаргүй байна" гэдгийг онцолжээ. 

 

Эрүүл мэндийн яамны тусгай дугаарын утсанд иргэдээс олон нийтийн газарт зай барихгүй байна гэдэг мэдээлэл олноор ирсэн байна. Вакцин гартал хүн хоорондоо 1,5-2 метрийн зайг барих нь халдвараас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга гэдгийг ДЭМБ-аас зөвлөж байгаа. 

 

БНСУ-ын шөнийн клубт гарсан халдварын тархалтыг хязгаарлаж чадсан гэж эрх баригчид үзжээ. БНХАУ-ын Цзилинь мужид халдварын шинэ тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эргүүлэн хаах арга хэмжээг авч эхэлсэн байна. 

 

Манай улсын хувьд тусгаарлах байранд 107 хүүхэд, 67 жирэмсэн эмэгтэй, чихрийн шижинтэй 30, бусад өвчтэй /ходоодын шархтай, уналт таталт өгдөг, архаг хууч өвчтэй/ 127 хүн байна. Цэргийн төв эмнэлэгт маш хүнд оноштой гурван хүн, тархины хавдартай нэг хүүхэд байгаа бөгөөд эдгээрээс COVID-19 халдварын шинжилгээ авахад хариу сөрөг гарчээ. Мөн гэрийн тусгаарлалтад өнөөдрийн байдлаар 95 иргэн байна. 

 

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Бүгд Найрамдах Энэтхэг улсаас иргэдээ татан авах Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 07:40 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардсан. Тус онгоцоор 158 иргэн эх орондоо ирээд байна. Эдгээр иргэнээс УНТЭ-д таван хүнийг /элэг шилжүүлэн суулгасан, дотор болсон, нурууны мэс засалд орсон зэрэг биеийн байдал хүнд/ хүлээн авч тусгаарласан байна. Цаашид эмнэлгийн орыг нэмэгдүүлэхийн тулд Хан-Уул дүүрэг дэх эх хүүхдийн төв, Түлэнхийн төвийг шуурхай ашиглалтад оруулах тал дээр анхаарал хандуулан ажиллаж байгаа аж. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар, нийт дөрвөн лабораторид өчигдөр /2020.05.18/ 367 хүнд давтан шинжилгээ хийхэд бүх хариу сөрөг гарсан. Мөн өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилал, хяналтад шилжиж байна" гэлээ.

 

Ингээд Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 140, эдгэрсэн 26 боллоо. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин