Н.Амарзаяа: Нэг метр талбайг 200 төгрөгөөр ариутгаж байна
2020-05-19

 

Нийслэлийн Засаг даргын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай захирамж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлийн аян үргэлжилж байгаа. Ариутгал халдваргүйтлийн талаар ахуйн шавьж мэрэгч устгал, ариутгал халдваргүйтглийн “Баатарван Жаргалант” ХХК-ийн ерөнхий менежер Н.Амарзаяагаас тодрууллаа.

 

-Ариутгал, халдваргүйтлийг хэдэн хоногийн давтамжтай хийж байна вэ?

 

-Нийслэлийн захирагчийн албанаас ариутгал халдваргүйтгэл хийхтэй холбоотой шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүний дагуу албан байгууллага, аж ахуй нэгжид ариутгал халдваргүйтлийн ажил хийж байна. Аж ахуй нэгж байгууллагад 14 хоногийн давталттайгаар халдваргүйтлийн ажил хийж байгаа. Нийслэлийн захирагчийн албанаас аж ахуй нэгжүүдэд шат дараатайгаар ариутгалын ажлыг тавдугаар сарын 31-ийг дуустал явуулах шийдвэр гарсан. Хорио цээрийн дэглэмээс шалтгаалж  цаашдаа сунгагдах эсэх нь шийдэгдэнэ.

 

-Нэг метр квадрат талбайг 200 төгрөгөөр ариутгана гэлээ. Нийслэлийн захирагчийн албанаас тогтоосон үнэ үү?

 

-Нийслэлийн захирагчийн албанаас үнийн дүнг тогтоож өгсөн. Өмнө хорио цээрийн дэглэм тогтоогоогүй үед метр квадратад 400-800 төгрөгөөр ариутгал хийдэг байсан. Одоо хорио цээрийн дэглэмд 14 хоногийн давталттайгаар ариутгал хийж байгаа учраас үнийн дүн 200 төгрөг болсон байна.

 

- Гэр хорооллын жорлонг адил үнийн дүнгээр ариутгадаг уу?

 

-Тухайн жорлонгийн метр квадрат, цацагдах бодисын хэмжээнээс хамаарч тухайн оршин суугчтай үнийг тохирдог. Харин аж ахуй нэгжүүдийн  нийтийн эзэмшлийн талбай буюу нойлыг нь үнэ төлбөргүй ариутгадаг.

 

-Ариутгалыг гурван төрлөөр хийдэг гэсэн. Ямар ямар төрлөөр хийдэг вэ?

 

-Удаан хугацааны туршид ариутгал халдваргүйтлийг хийгээгүй газар хүчтэй даралттай ариутгалын бодисоор цацалт хийж тухайн хэсгийн бохирдлыг ариутгадаг. Дараагийнх агаарт манан үүсгэж ариутгадаг бол нарийн ширхэгтэй бодисоор цацалт хийж мөн  ариутгадаг юм. Агаарт ариутгалын бодисоор манан үүсгэж ариутгахаар 20-30 минутын дараа тухайн орчинд ажиллах боломж бүрддэг.

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Мод зүлэг рүү хлорамины уусмал цацаад байх юм. Ингэж болохгүй биздээ. Түүний оронд явган зам машин замаа цэвэрлэж ариутгах нь зөв баймаар . Толгой юмуу олгой юмуу
2020-05-20