Европ гаатай тамхинаас татгалзав
2020-05-20

 

Өнөөдөр буюу тавдугаар сарын 20-ноос эхлэн Британи болон Европын холбооны орнуудад гаатай тамхи худалдахыг хориглосон хууль үйлчилж эхэллээ. Энэ хууль нэмэлт амттай бүх төрлийн тамхийг хориглосон ч зах зээл дээрх нэмэлт амттай тамхинуудын ихэнх нь гаатай тамхи байдаг тул "гаатай тамхи хориглох" гэж нэрлэсэн талаар ВВС мэдээлжээ. 

 

Дээрх хууль хэрэгжсэнээр төрөл бүрийн амттай тамхинаас гадна амт үнэр оруулагч агуулсан шүүлтүүр, цаас, капсулуудыг ч худалдаалахыг хориглох аж. Түүнчлэн Британид нарийн тамхи худалдахыг хориглох бөгөөд эдгээр арга хэмжээ нь залуу үеийг тамхинд донтох байдлыг бууруулж чадна гэж эрх баригчид үзэж байгаа гэнэ.

 

Гаатай тамхийг хорьсны учир

 

Гаатай тамхи хэрхэн үйлчилдэг вэ? Шүүлтүүрийн дотор капсул хийсэн байх нь элбэг бөгөөд капсул дээр дармагц тамхины амт өөрчлөгдөнө. Эсвэл шүүлтүүрэнд гаа шингээсэн байдаг.

 

Анх 1920-оод оноос эхэлж тамхины шүүлтүүрт гаа нэмэж эхэлсэн бөгөөд ийм тамхи хүмүүсийн эрүүл мэндэд илүү аюулгүй хэмээн үйлдвэрлэгчид мэдэгдэж, гаатай тамхины сурталчилгааг байгаль, хавар, ус зэрэг дүрслэл дунд хийдэг байжээ. 

 

Ийнхүү гаатай тамхи үйлдвэрлэх үндсэн зорилго нь анхлан тамхи татаж байгаа хүмүүсийг татах зорилготой байсан гэж мэргэжилтнүүд үздэг. Үнэн хэрэгтээ төрөл бүрийн амттай тамхи хүний биед энгийн тамхитай адил үйлчилгээ үзүүлэх бөгөөд хавдар болон зүрх судасны өвчин үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг аж.

 

Гэлээ ч олон оронд явуулсан судалгаанаас харахад залуус гаатай тамхийг аюул багатай гэдэгт итгэлтэй байдаг гэнэ. Тамхины утааг сорох үед гааны амт утааны үнэрийг дарах бөгөөд гаа нь сэрүү татсан мэдрэмж төрүүлж, хоолойн дээр гашуу оргиулах, ханиалгах шинж тэмдгийг бууруулах нь олонтаа. Чухамхүү иймээс л гаатай тамхи эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нь бага гэж залуус үздэг талаар эмч нар анхааруулдаг юм. Мөн яг л энэ шалтгаанаас болж залуучууд гаатай тамхи худалдан авдаг аж.

 

Гэтэл үнэндээ тамхичид ийм тамхины утааг илүү гүн сорж, утаа уушгинд удаан үлдэх бөгөөд ингэснээр хүний эрүүл мэндийг илүүтэй эрсдэлд оруулдаг юм байна.

 

Түүнчлэн анх удаа тамхи татаж үзэж байгаа хүн нэмэлт амттай тамхи сонгосноор тамхинаас жигшилгүй, тамхи татах зуршилтай, никотиноос хамааралтай болох магадлал өндөр байдаг гэнэ.

 

Мөн гаатай тамхи татдаг хүмүүс бусадтай харьцуулахад илүү их тоогоор татдаг, мөн тамхиа хаяхыг тэр бүр хүсдэггүй гэсэн судалгаа байдаг аж. Тодруулбал АНУ-ын судалгааны компани тамхиа хаях хүсэлтэй хүмүүсийн дунд судалгаа явуулахад гаатай тамхи татдаг хүмүүсийн 69 хувь нь хорт зуршлаа хаях бодолгүй байгаа гэж хариулсан бол энгийн тамхи татдаг хүмүүсийн 54 хувь нь л тамхинаас гарч чадахгүй байгаа хэмээн хариулжээ. 

 

Сүүлийн жилүүдэд Британид нэмэлт амттай тамхины зах зээл дээр эзлэх хувь өсөж байгаа бөгөөд 2010 онд тус улсын тамхины зах зээл дээр гаатай тамхи долоон хувийг эзлэж байсан бол 2013 онд энэ үзүүлэлт 8,5 хувь болсон байна.

 

Нэмэлт амт агуулсан тамхийг худалдахыг хориглосон хууль  2016 онд батлагдсан ч ийнхүү дөрвөн жилийн дараа Европ даяар хэрэгжихээр болжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин