COVID-19: Оросын чинээлэг иргэд бункер худалдаж авах нь ихэсжээ
2020-05-20

 

Цар тахлын үеэр Оросын чинээлэг иргэд халдварын үр дагавраас эмээж, өөрсдийгөө хамгаалахын тулд бункер болон аюулгүй байдлыг хангах өрөө худалдаж авах нь ихэссэн талаар utro.ru мэдээллээ. 

 

Америкийн Rising S Company-ийн ерөнхий менежер Гари Линчийн өгүүлснээр ОХУ-аас чинээлэг хүмүүс бункерг худалдан авах нь нэмэгдсэн бөгөөд энэ онд гэхэд л 150 мянган ам.долларын үнэтэй орогнох байрыг Оросын хоёр иргэн худалдан авсан байна.  Мөн 2020 оны эхний гурван сард хамгаалалтын объектын эрэлт 2000 хувиар өссөн байна. Америкийн Vivos гэх өөр нэг компанийн борлуулалт ч өссөн бөгөөд энэ компанид ОХУ-ын иргэд ч олноор ханджээ.

 

Оросын чинээлэг иргэд гагцхүү Америкийн төдийгүй дотоодын үйлдвэрлэгчиддээ ч хандах болсон гэнэ. "Спецгеопроект"-ийн захирал Данил Андреев Forbes сэтгүүлд ярилцлага өгөхдөө зөвхөн дөрөвдүгээр сард гэхэд л компани нь таван захиалга авсан гэдгийг онцолсон байна. Харин энгийн үед сард нэг л бункерийн захиалга авдаг байжээ.

 

Ихэнх худалдан авагчид нь Москва болон Санкт-Петербургийн оршин суугчид байдаг гэнэ. Мөн Орост бункер биш харин хордуулагч хий, гадны үймээнээс найдвартай хамгаалах аюулгүй байдлын тусгай өрөө ихээхэн эрэлттэй байдаг гэдгийг Андреев онцолжээ.

 

Хамгаалалтын бункер 890 000- 7 600 000 рубль /монгол мөнгөөр 32,1 сая төгрөгөөс 274,4 сая төгрөг орчим /үнэтэй байдаг аж. Ийм объектыг энгийн, тайван үед гэрийн кинотеатр, спорт танхим эсвэл дарсны агуулах болгон ашиглах боломжтой гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин