Монгол хүний бие бялдрын чадавхыг дэлхийд гайхуулсан Ц.Раднаа “Энхийн шагнал” хүртэв
5-20

Нийгмийн амар амгалан, тэнцвэртэй байдал, сайн сайхны төлөө өөрийн мэдлэг оюун, ухамсарт амьдралаа зориулсан Тэргүүн дээд нийгмийн зүтгэлнийг тодруулах “Энхийн шагнал-2019” арга хэмжээ боллоо. “Дэлхийн энхийн их наадам” ТББ, “Монгол уламжлал академи”, “Дэлхийн монголчуудын чуулган” ТББ-аас ес дэх жилдээ зохион байгуулсан “Энхийн шагнал”-ын эзэн Монгол хүний онцлог, бие бялдрын чадавхийг дэлхийд гайхууж 85 насандаа Дэлхийн аварга болсон Цэрэнгийн Раднаа байлаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“Энхийн шагнал” шагнал гардуулах ёслолын арга хэмжээ нь 2011 оноос эхлэн жил бүр зохион байгуулагдаж ирсэн бөгөөд энэ шагналд байгууллага, хам олон, хувь хүн төр, нийгмийн салбарт томоохон хувь нэмэр оруулсан, бусдын сайн сайхны төлөөх бодит ажил нь нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг нэр дэвшүүлэх эрх нь нээлттэй байдаг. Нэр дэвшүүлсэн эрхмүүдээс шалгаруулалтын комисс “Энхийн шагналтан”-ыг тодруулж түүний зүтгэл, ажил үйлсийг нийгэм олон нийтэд таниулан алдаршуулдаг. Үүгээр нийгэмд эв эеийн соёл, бүтээлч хандлага бий болгоход хувь нэмэр оруулах зорилготой аж.

 

Энэ шагналыг хүртэхэд уран барималч Л.Гантөмөрийн урлан бүтээсэн, дэлхийн бөмбөрцгийг алган дээрээ энхрийлэн барьсан Алунгоо эхийн дүрс бүхий алтан цом, хоёр сая төгрөгөөр шагнадаг. Цар тахлын үед дэлхий нийтээр дасгал, хөдөлгөөн биеийн тамирыг эрхэмлэж байгаа энэ үед “Энхийн шагнал” арга хэмжээг зохион байгуулагч ТББ-уудын зүгээс анх удаа спортын салбарын эрхэмд энэхүү шагналыг олголоо.

 

Энэ талаар “Дэлхийн энхийн их наадам” ТББ-ын гүйцэтгэх захирал Л.Сэрдарам “Бид жил бүр өөр өөр салбарын эгэл баатруудыг шалгаруулдаг. Энэ жилийн хувьд дэлхий дахиныг цочроосон COVID-19 цар тахалтай холбоотойгоор хүмүүс хөл хорионд байгаа энэ цаг үед нийтийн биеийн тамир эрүүл мэндэд маш хэрэгтэй гэдгийг ойлгож байна. Манай улсын хувьд нийтийн биеийн тамирын жишээ болсон гол хүн нь Ц.Раднаа гуай байлаа. 85 настай хүн олон шалтаг тавиад спортоор хичээллэхгүй байгаа хүмүүст өөрийн биеэр үлгэрлэж тодорхой хариулж өглөө. 80 насандаа дэлхийн рекордыг эвдэнэ гэдэг одоогоор дэлхийд байхгүй амжилт” гэв.

 

 

Харин Энхийн шагналтан Дэлхийн аварга Ц.Раднаа “Энэ шагналыг надад хүртээж байгаад би маш их баярлаж, талархаж байна. Намайг шалгаруулж шагнасан хүмүүстээ аз жаргал эрүүл энх ажлын их амжилт хүсье. Би 85 настай ч гэсэн спортоор идэвхитэй хичээллэдэг. Залуу хүн бүрт биеэ хичээж миний адил гүйгээд дэлхийн аварга болох боломж бий гэдгийг 85 настай өвөө нь харуулж өглөө. Спорт гэдэг бол эм, эмчилгээ юм шүү гэдгийг зөвлөмөөр байна” гэж сэтгэгдлээ хуваалцлаа.

 

Энэ жилийн шалгаруулалтын комиссоор:

 

- Н.Сувд /Төрийн соёлхолт, Ардын жүжигчин/

 

- Л.Дашням /Монгол уламжлал академийн ерөнхийлөгч, доктор, профессор, СГЗ/

 

- Д.Цахилгаан /Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, СГЗ/

 

- Ж.Гэрэлбадрах /МУБИС-ийн түүхийн тэнхимийн эрхлэгч, доктор/

 

- Х.Оюунчимэг /МУЭИС-ийн дэд захирал, доктор, профессор, СГЗ/

 

- О.Саранчулуун /АШУҮИС-ийн багш “Ахиллис-Монгол” ОУБ-ын гүйцэтгэх захирал/

 

- Г.Ганбат /Дэлхийн Энхийн их наадам” ТББ-ын тэргүүн/ нар ажиллажээ.

 

Н.Сувд /Төрийн соёлхолт, Ардын жүжигчин/

 

-Энхийн шагналд маш олон хүнийг нэр дэвшүүлдэг. Үүнээс комисс нэг л хүнийг зарим жилд хоёр хүнийг энхийн шагналтнаар шалгаруулж байсан удаа бий. Олон улсын хэмжээнд энх тайван, эв нэгдэл, эрүүл мэнд, амьдралын сайн сайхны төлөө өөрийн хөдөлмөр, сэтгэлийг бүрэн зориулж чадсан хүмүүст энэ шагналыг олгодог. 2019 онд 85 насандаа дэлхийд Монголынхоо далбааг мандуулсан Ц.Раднаа гуай маань яах аргагүй онцлох хүн байлаа. Монгол Улсынхаа нэрийг дэлхийд гаргаснаас гадна монголдоо урт насалж, эрүүл энх байж болдог гэдгийг өөрийнхөө амьдрал, туршлагаар энэ хүн үлгэрлэж чадлаа.

 

О.Саранчулуун /АШУҮИС-ийн багш “Ахиллис-Монгол” ОУБ-ын гүйцэтгэх захирал/

 

-Нийгэмд үнэ цэнэтэй зүйл бүтээсэн ч тэр бүр олон нийтэд хийсэн ажил амжилтаа дэлгээгүй эгэл даруухан эрхмүүдийн үйл хэргийг алдаршуулах, олон нийтэд түгээх зорилгоор энэ шагналыг олгодог. Өөрөөр хэлбэл цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр бид олон хүний алдар гавьяаг мэдээллэдэг. Гэтэл нийгэмд хэрэгтэй үнэ цэнэтэй үйл хэргийг бүтээгээд даруухан ажиллаж яваа олон хүн байдаг. Тэднийг олон нийтэд алдаршуулж бусдад үлгэр дуурайлал болгохыг зорьдог. Жил бүр олон салбарын хүмүүс нэр дэвшдэг. Бид энэ жил 30 хүний материал хүлээн авсан. Энэ жилийн хувьд НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилт, чиглэлийг үндэслэн спортын салбарыг онцолсон. Ц.Раднаа гуай Монгол хүний бие бялдрын гайхамшгийг дэлхийд харуулж чадсан. Тийм учраас Энхийн шагналыг хүртээхээр шүүгчид санал нэгдсэн.

 

 

Г.Ганбат /Дэлхийн Энхийн их наадам” ТББ-ын тэргүүн/

 

-Монголын шинэ үеийг авч явах залуучуудад үлгэр дуурайлал болох тэдний ёсзүйг зөв төлөвшүүлэх Монгол бахархлыг бүтээж байгаа эрхмүүдийг алдаршуулж, олон нийтэд таниулах зорилгоор гурван ТББ хамтран “Энхийн шагнал” арга хэмжээг зохион байгуулдаг.  Ц.Раднаа гуйгаар бахархахгүй байхын аргагүй агуу хүн. Хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ-ийн аварга, дэлхий рекордыг дөрвөн удаа шинэчлэн тогтоохдоо Монгол хүн ямар агуу бие махбодьтой вэ гэдгийг харуулж чадсан. Ялангуяа залуус өөртөө байгаа боломж нөхцлийг гололгүй зорилготой байгаад тэр зорилгынхоо төлөө өдөр бүр аажим аажмаар тэмцэж чадвал ямар амжилтад хүрч болох вэ гэдгийг тэр үлгэрлэсэн. Раднаа гуай өглөө үүрээр 06.00 цагт Зайсан руу гарч, Туулын хөвөөг даагаад гүйдэг. Эргэн тойрны хүмүүс нь тэтгэвэртээ гарчихаад тайван амрахгүй яагаад өөрийгөө зовоогоод байгаа юм бэ гэдэг ч хүн өөрийнхөө дуртай зүйлд цаг гаргаж өдөр тутам өөрийгөө дасгалжуулж байх ёстой гэж  хэлдэг гэж ярьсан. Аливаа зүйлийг дуустал нь, үр дүнд хүртэл чин сэтгэлээсээ ханддаг гайхамшигтай эрхэм ахад энэ шагналыг өгсөндөө баяртай байгаа” гэлээ.

 

“Энхийн шагналтан” арга хэмжээг зохион байгуулагчдын зүгээс аймаг, Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын дунд “Энх-Ирээдүй”  гар зургийн уралдааныг зарласан бөгөөд энэ өдөр мөн шилдгүүдийг шалгаруулж шагнал гардуулав.

 

“Энхийн шагналтан” ёслолын арга хэмжээг 2011 оноос зохион байгуулж эхэлсэн. Өнгөрсөн жилүүдэд:

 

2011 онд дипломатич, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цахилгаан,

 

2012 онд Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн,

 

2013 онд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж,

 

2014 онд “Нарны хүүхдүүд” асрамжийн газрыг үүсгэн байгуулагч, Гавьяат багш С.Эрдэнэчулуун,

 

2015 онд Оюун ухааны академийн ерөнхийлөгч Х.Хатанбаатар,

 

2016 онд ОБЕГ-ын аврах тусгай анги, эрэн хайх, аврах нэгдүгээр бүлгийн аврагч Чулуунбилэгтийн Ганзам, ОБЕГ-ын уул уурхайн аврах ангийн аврах тусгай салбарын дөрөвдүгээр бүлгийн аврагч Дүнхүүгийн Эрдэнэбат,

 

2017 онд ЭХЭМҮТ-ийн зөвлөх, Монгол Улсын гавьяат эмч Б.Энхравдан,

 

2018 онд Клиникийн профессор, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар эмнэлгийн ерөнхий мэс засалч эмч Цогтын Лочин,

 

2019 онд Дэлхийн болон Ази тивийн хөнгөн атлетикийн /ахмад/ мастеруудын аварга шалгаруулах тэмцээний олон төрөлд аварга болж, дэлхийн дээд амжилт тогтоосон Ц.Раднаа.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин