Япон: Маажан тоглосон прокурор халагдах өргөдлөө өгчээ

Токиогийн Прокурорын газрын дарга Хирому Куркова коронавирусийн цар тахлын улмаас тогтоосон онц байдлын үеэр мөрийтэй тоглоом тоглосон нь ил болжээ. Улмаар олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэлтэй тулгарсан тул тэрбээр ажлаасаа халагдах өргөдлөө өгсөн талаар NHK мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ сард Курокава Sankei сонины сэтгүүлчийн Токио дахь гэрт хэдэнтээ ирж, тэд хамтдаа мөрий тавин маажин тоглодог байжээ. Энэ тоглоомонд Асахи сонины сурвалжлагч ч оролцсон бөгөөд прокурор түрээслэж авсан машинаар сэтгүүлчийн байранд ирдэг байсан гэнэ.
Прокурор ийнхүү мөрийтэй тоглосон талаарх мэдээлэл ил болсон нь олон нийт болон сөрөг хүчний намын зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулсан байна. Тэр дундаа 63 настай Курокава Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй ойр харилцаатай байдаг тул илүүтэй эсэргүүцэлтэй тулгарчээ.
Mainichi сонины мэдээлснээр, Японы хуулийн дагуу энэ насан дээрээ албан тушаалаа орхих ёстой ч Курокава Токиогийн прокурорын албан тушаалд үлдсэн нь энэ зун Японы Ерөнхий прокурор өөрчлөгдөж, сул орон тоон дээр Курокаваг дэвшүүлэхээр төлөвлөсөнтэй холбоотой байж мэдэх гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ