ОХУ: Су-57 сөнөөгчийг амжилттай туршжээ
2020-05-21

 

Оросын шинэ үеийн  Су-57 онгоц Сирид туршилтыг амжилттай давсан талаарх мэдээлэл хэдэнтээ гарч байв. Харин энэ удаад тав дахь үеийн Су-57 сөнөөгч онгоц улсын туршилтын шалгалтын үеэр тактик-техникийн даалгаврын бараг бүхий л шаардлагыг хангасан гэж Оросын дэд сайд Юрий Борисов Риа Новости агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгджээ.

 

Түүнчлэн "Агаар сансрын хүчний нисэхийн гурван хороог хангах 76 онгоцыг нийлүүлэх улсын гэрээ нийлүүлэлтийн хуваарийн дагуу хэрэгжиж байна" хэмээн онцолсон байна.

 

ОХУ-ын Агаар сансрын хүчинд Су-57 онгоцыг 76 ширхэгийг нийлүүлэх гэрээг "Армия-2019" форумын үеэр хийж байжээ. Одоогоор сөнөөгчийн туршилтын ажлыг үргэлжлүүлж байгаа гэнэ. 

 

Су-57 онгоцыг Оросын Агаар сансрын хүчинд хоёр үе шаттайгаар нэвтрүүлэх бөгөөд эхний ээлжинд дөрөв дэх үеийн хөдөлгүүртэй онгоцуудыг худалдан авах юм байна. Энэ төрлийн онгоцуудыг 2020 оны дунд үе хүртэл Агаар сансрын хүчинд нэвтрүүлж, харин хоёр дахь шатанд тав дахь үеийн хөдөлгүүртэй онгоцуудыг нийлүүлэх аж. 

 

Дашрамд дуулгахад, Оросын тав дахь үеийн сөнөөгч болох Су-57 онгоцыг хүнд сөнөөгч Су-27 онгоцны оронд Оросын Агаарын цэргийн хүчинд нэвтрүүлэхээр боловсруулсан юм.

 

2019 оноос цувралаар үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд 60 тэрбум рублийн өртөгтэй төслийн хүрээнд нэг онгоц 2,236 тэрбум рубль буюу 34,4 сая ам.долларын өртөгтэйгээр үйлдвэрлэгдэж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин