COVID-19: Сингапур цахимаар ял тулгаж, Бразилд байдал хүндэрсэн ч хөл хорио тогтоосонгүй
2020-05-21

Коронавирусийн цар тахлын дараа дэлхий даяар 60 сая гаруй хүн нэн ядуу болж болзошгүй гэж Дэлхийн банкны эдийн засагчид таамаглажээ. Дэлхий даяар тархсан цар тахлын улмаас Бразилд амиа алдсан хүний тоо эрс өссөн бол Сингапурт Zoom ашиглан анх удаа ялын тогтоол уншив. Энэ мэтчилэн цар тахалтай холбоотой сүүлийн үеийн үйл явдлуудыг ВВС, Regnum, Вести агентлагуудаас авсан эх сурвалжтайгаар тоймлон хүргэе. 

 

Жаран сая хүн нэн ядуу болно 

Жон Хопкинсийн их сургуулийн мэдээлснээр дэлхий даяар COVID-19 вирусийн халдвар авсан хүний тоо таван саяд дөхөж, 324 мянган хүн нас баржээ.

 

Дэлхийг хамарсан цар тахлын улмаас бүхий л улс оронд харилцан адилгүй хязгаарлалтын арга хэмжээ авч, ихэнх улс орууд хилээ хаан, үйлдвэрлэл, худалдааны салбар зогсонги байдалд орсон энэ үед эдийн засгийн хямрал нүүрлэх нь тодорхой болж, улс орнууд эдийн засгаа аврах тал дээр ихээхэн арга хэмжээ авч байгаа юм. Гэсэн ч дэлхийн эдийн засагт үзүүлэх цар тахлын сөрөг нөлөө асар их байна гэж Дэлхийн банкны ерөнхийлөгч Дэвид Малпасс мэдэгджээ.

 

"Бидний тооцоолсноор 60 сая орчим хүн  нэн ядуу нөхцөлд орж болзошгүй. Энэ тохиолдолд сүүлийн гурван жилд ядууралтай тэмцэх салбарт хийсэн бүхий л ажил талаар болно" хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. Дэлхийн банкны томъёоллоор өдөрт 1,9 ам.доллараас бага орлогыг "нэн ядуу" хэмээн тодорхойлдог юм.

 

Дэлхийн банк цар тахлын улмаас эдийн засаг нь ноцтой хохирол амссан улс орнуудад бага хүүтэй зээл, тусламж байдлаар 160 тэрбум ам.долларыг зарцуулжээ. Маллапсын өгүүлснээр дэлхийн нийт хүн амын 70 хувь нь амьдардаг, 100 гаруй орон тусламж хүсэн Дэлхийн банканд хандсан байна.

 

Гэлээ ч энэ тусламж хангалтгүй гэж Маллапс мэдэгдээд, арилжааны банкууд цар тахлын үеэр ядуу орнуудын өрийг цайруулах тал дээр арга хэмжээ авахгүй байгааг буруутгажээ.

 

Энд дуулгахад, энэ онд коронавирусийн цар тахлын улмаас дэлхийн тэргүүлэгч орнуудын эдийн засгийн өсөлт саарсан юм. Гуравдугаар сард гэхэд л Хятадын эдийн засгийн идэвхижилт 50 жилийн хугацаанд анх удаагаа буурсан бол Европын холбоо оны дүнгээр ДНБ буурна гэж таамагласан, харин Америкийн эдийн засаг өсөлтийн үеэс гарчээ.

 

Бразилд нас баралт өсөв

 

Бразилд нэг хоногийн дотор 1179 хүн нас барсан нь тус улсад тахал дэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байна. Ингэснээр Бразилд 18 мянга гаруй хүн COVID-19 вирусийн халдварын улмаас нас баржээ.

 

Бразилд COVID-19 вирусийн халдварын тохиолдол 293 мянга гаруй болж, энэ  улс халдварын тоогоор дэлхийд гуравдугаарт бичигдэж байгаа ч Ерөнхийлөгч Жаир Болсонару хөл хорио тогтоохгүй хэмээн мэдэгдсээр байгаа юм. Бразилийн томоохон хот болох 12 сая орчим хүн амтай Сан-Паулуд халдварын тархалт илүү хүнд байгаа. Лхагва гаригаас эхлэн энэ хотод таван өдрийг ажлын бус өдөр болгон зарласан бөгөөд ингэснээр вирусийн тархалтыг хязгаарлаж чадна гэж эрх баригчид үзэж байгаа аж. 

 

Өдөрт гараа хэдэн угаах ёстой вэ? 


Цар тахлын үеэр өдөрт хэдэн удаа гараа угаавал зохистой талаар Британийн шинжээчид судалжээ. Эрдэмтийн судалгаа нь өмнө нь вирус тархаж байсан 2006-2009 оны үеийн мэдээлэл дээр тулгуурласан байна.

 

Судалгааны дүнд өдөрт 6-10 удаа гараа угаах нь зүйтэй гэсэн дүгнэлт гарчээ. Судалгаанд 1663 хүн оролцсон бөгөөд тэдгээрээс өдөрт дор хаяж зургаан удаа гараа угааж байсан хүмүүс халдвар авах эрсдэл нь бага байсан гэнэ. Харин өдөрт 10-аас дээш удаа гараа угаавал эрсдэл улам багасч байжээ. 

 

Zoom ашиглан ялын тогтоол уншив 

 

Сингапурт анх удаа Zoom ашиглан цаазын ялын тогтоол уншжээ. Харин энэ байдлыг хүний эрхийг хамгаалагчид хүмүүнлэг бус алхам хэмээн үзэж байна.

 

ВВС агентлагийн мэдээлснээр, 37 настай Пунитан Генасанд цаазын ялыг Zoom-ээр дамжуулан уншжээ. Өмнө нь түүнийг 28,5 грамм героин зөөвөрлөсөн хэрэгт буруутай хэмээн үзсэн байна. Сингапурын хуулиар энэ төрлийн гэмт хэрэгт цаазын ял оноодог аж.

 

Цар тахлын улмаас олон хязгаарлалт үйлчилж байгаа энэ үед Сингапурын шүүх оролцогч талуудын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс ийнхүү цахимаар ялын тогтоол уншсан бөгөөд энэ нь тус улсын шүүхийн түүхэн дэх анхны тохиолдол гэнэ.

 

Харин "Human Rights Watch" хүний эрхийн байгууллагынхан энэ алхмыг шүүмжилсэн байна. "Цаазын ял бол хүмүүнлэг бус, хэрцгий явдал. Үүгээр ч зогсохгүй ийм ялын тогтоолыг Zoom ашиглан алсын зайнаас уншиж байгаа нь байдлыг бүр хурцатгаж байна " хэмээн хүний эрхийг хамгаалагчдын мэдэгдэлд онцолжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин