COVID-19: Буриадад халдвар авсан хүний тоо 1090 болжээ
2020-05-21

Тавдугаар сарын 21-ний өглөөний байдлаар Буриадад COVID-19 вирусийн халдвар авсан нь лабораториор батлагдсан тохиолдол 48-аар нэмэгдсэн талаар тус улсын шуурхай штаб мэдээллээ. 

 

Хоногт ийнхүү 48 тохиолдол нэмэгдсэнээр  нийтдээ халдварын тохиолдол 1090 болсон бол Буриадын нийслэл Улаан-Үд хотод 643 болжээ. Халдвар анхлан гарснаас хойших хугацаанд 444 хүн эмчлүүлж, эмнэлгээс гарсан бол зургаан өвчтөн нас барсан байна. Одоо эмнэлэгт 461 хүн хэвтэн эмчлүүлч байгаа гэнэ. 

 

Буриадын шуурхай штабын мэдээлснээр, тахлын голомтыг тогтоох, хавьтагчдын хүрээг тодорхойлох, тэднийг шинжилгээнд хамруулж, эмнэлгийн хяналтад оруулах, халдваргүйжүүлэх зэрэг тахлын эсрэг арга хэмжээнүүдийг тасралтгүй авч хэрэгжүүлж байгаа аж. Одоогийн байдлаар хавьтагчдын тоо 1569 хүрсэн бөгөөд тэднийг бүгдийг нь лабораторийн шинжилгээнд хамруулжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин