БНХАУ: 25 жилийн өмнө сураггүй болсон Панчин лам "тайван байхыг хүсч байгаа"
2020-05-21

Одоогоос  25 жилийн өмнө зургаан настайдаа сураггүй болсон, Хятадын эрх баригчид "хулгайлсан" гэгддэг 
Гэдүн Ньимагийн хувь заяаны талаар БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Жао Лизянь мэдэгдэл хийсэн гэж  CNN мэдээллээ. 

 

1995 оны тавдугаар сард XIV Далай лам Ньимаг Панчин ламын 11 дэх дүр хэмээн тодруулсан юм. Гэвч ийнхүү хүүг Панчин ламын хойд дүрээр тодруулсны дараахан Хятадын эрх баригчид хүүг гэр бүлийнх нь хамтаар "баривчилж", улмаар түүний оронд Гялцэн Норбуг Панчин ламын хойд дүр гэж Хятадын засгийн газар зарлаж байв. 

 

Харин 60 жилийн өмнө Лхасыг орхин явахаас аргагүй болж байсан Далай лам болон Төвдийн шашны дээдсүүд Хятадын тодруулсан дүрийг хүлээн зөвшөөрөөгүй, мөн төвдүүдийн ихэнх нь үүнд дургүйцэж байв. Хятадын эрх баригчдын тодруулсан Норбу лам насанд хүрэхийн хэрээр Хятадын улс төрийн амьдралд ихээхэн оролцох болж Бээжингийн албан ёсны арга хэмжээнүүдэд уригдах болсон юм.

 

Харин Далай ламын тодруулсан Гэдун Ньимаг 1995 оноос хойш сураггүй алга болсонд тооцож байгаа бөгөөд энэ үеэс хойш түүний талаар мэдээлэл огт гараагүй.

 

Ийнхүү урт хугацаанд сураггүй байсан Панчин ламын талаар БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч тавдугаар сарын 19-ний өдөр тайлбар хийжээ. Тэрбээр өдгөө 31 настай Ньима коллеж төгсөн, ажилд орсон, мөн тэр өөрөө болон гэр бүлийнхэн нь "өнөөгийн тайван амьдралыг нь түгшээхгүй байхыг хүсч байгаа" хэмээн мэдэгджээ.

 

Энд дуулгахад, Панчин ламыг алга болсноос хойш 25 жилийн ойн дээр нь Төвдийн засгийн газар мэдэгдэл хийн "Хятад улс Панчин ламыг хулгайлж, түүний шашны эрэмбийг хүчээр үгүйсгэж байгаа нь шашны эрх чөлөөг зөрчиж байгаа төдийгүй хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа хэрэг юм" хэмээн онцолж байв.

 

Дашрамд дуулгахад, 1959 оны гуравдугаар сард Төвд рүү Хятадын коммунистууд түрэн орж ирсний хариуд Төвдөд Хятадын эсрэг бослого гарч, улмаар энэ бослогыг БНХАУ хүчээр дарж байв. Хэдхэн сарын дотор олон мянган хүн амиа алдаж, тухайн үед 24 настай байсан XIV далай лам болон түүний дагалдагчид хилийн чанадад орогнол хүсэхээс аргагүй болж байжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Цог:
Түвдийн ард түмэнд амжилт хүсье
2020-05-21
хөөрхөн хүүхэд бна гэгээн зам мөртэй байж магадгүй чихий нь хараа
2020-05-21