Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурал нээлтээ хийлээ
2020-05-22

 

COVID-19 вирусийн халдварын улмаас товлосон хугацаанаасаа 2,5 сараар хойшлогдсон, Хятадын хууль тогтоох дээд байгууллага болох Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын ээлжит чуулган баасан гаригт нээлтээ хийсэн талаар Синхуа мэдээллээ.

 

Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын ээлжит чуулган жил бүрийн гуравдугаар сарын тавны өдөр Бээжин хотод нээгддэг ч энэ онд цар тахлын улмаас тавдугаар сарын 22 хүртэл хойшлуулж байсан юм. Цар тахлын улмаас чуулганыг зохион байгуулах хугацаа төдийгүй хэлбэрийг ч өөрчилсөн байна. Өмнө нь чуулган 10 хоног үргэлжилдэг байсан бол энэ удаад  долоон өдөр үргэлжилж, тавдугаар сарын 28-ны өдөр хаалтаа хийх аж.

 

Түүнчлэн тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд чуулган болж буй Ардын төлөөлөгчдийн ордон руу орох сэтгүүлчдийн тоог эрс багасгаж, хэвлэлийнхэнд зориулсан бүхий л арга хэмжээнүүдийг цахимаар явуулж байгаа гэнэ.

 

Ийнхүү Хятад чуулганаа явуулж байгаа нь ард түмэндээ болон дэлхий дахинд БНХАУ тахлыг давж чадсан, энгийн амьдралдаа эргэн орж, урт хугацааны зорилгоо хэрэгжүүлэн, эдийн засгаа сэргээхэд бэлэн гэж харуулж байгаа хэрэг хэмээн шинжээчид үзэж байна.

 

Синхуа агентлагийн мэдээлснээр, энэ жилийн чуулганы хэлбэрийг өөрчилж, хугацааг багасгасан ч хэлэлцэх асуудал өмнөх жилүүдийнхээ төдийлөн өөрчлөгдөөгүй гэнэ. Гишүүд Төрийн зөвлөлийн сайд Ли Көцяны тавих засгийн газрын ажлын тухай илтгэл, 2019 оны нийгэм эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөний биелэлтийн талаарх илтгэлийг сонсон, өнөө жилийн төлөвлөгөөг батлан, Ардын дээд прокурорын газар, Ардын дээд шүүхийн ажлын илтгэлийг сонсон, батлах юм байна. 

 

Түүнчлэн цар тахалтай тэмцэх, эдийн засгийг сэргээх, ядуурлыг устгах урт хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх асуудлуудыг хэлэлцэхийн дээр БНХАУ-ын түүхэн дэх анхны Иргэний хуулийн төслийг батлана гэж эх сурвалж мэдээлжээ.

 

Мөн энэ удаагийн чуулганы хэлэлцэх асуудалд багтсан Хонконгийн үндэсний аюулгүй байдлын хуулийн төсөл ихээхэн анхаарал татаж байгааг шинжээчид онцолсон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин