Д.Нямхүү: ОХУ-аас ирсэн нэг оюутнаас халдвар илэрч, хоёр хүн эдгэрлээ
2020-05-22

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.05.022/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

 

Дэлхий дахинаа COVID-19 халдварын улмаас 5 сая хүн өвчилж, 333 мянган хүн нас бараад байна. Хойд хөрш ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд 8843 хүн шинээр өвчилсөн бол Буриадад 27, Эрхүүд 34, Тувад 34 тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. Иймд Булган, Сэлэнгэ, Дорнод аймгийн иргэд анхааралтай байж амны хаалтаа тогтмол зүүж онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас онцгойлон анхаарууллаа. 

 

Халдвар хамгийн өндөр бүртгэгдсэн улсуудад АНУ, ОХУ, Бразил, Итали, Герман, Турк багтаж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд АНУ-д 1400 гаруй нас баралт нэмж бүртгэгдсэн байна. Бразилд 18500 гаруй тохиолдол, 118 нас баралт нэмж бүртггэгдэж нийт нас баралт 20 мянгыг давсан байна. Испани, Итали, Франц улсад шинэ халдварын тоо, нас баралт өдрөөс өдөрт буурч байна. 

 

Япон улсад өчигдөр гурван мужийн онц байдлыг цуцалсан байна. Токио хотын таван муж улсад онц байдлыг хэвээр үлдээсэн. БНСУ-д 20 тохиолдол шинээр нэмэгджээ.

 

Сонирхуулахад хумхайгийн эсрэг эмчилгээнд хэрэглэдэг эм COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй эсэхийг Оксфордын их сургуулийн эрдэмтэд судалж байгаа аж. 

 

Эрүүл мэндийн яамны шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөс "Дэлхий дахинаа тавдугаар сарын 20-ны байдлаар COVID-19 халдвартай холбоотой 2275 мянган эрдэм шинжилгээний судалгаа хийгдсэн байна. 

 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-ийн хоёр, ЗООНОЗ-ын нэг, Дархан-Уул аймагт нээсэн салбар лабораториудад өчигдөр нийт 403 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 402-т илрээгүй. Харин нэг хүнээс илэрсэн. Энэ нь цэргийн сургуулийн оюутнуудын нэг бөгөөд давтан шинжилгээгээр COVID-19 халдвар илэрлээ. Ингээд ОХУ-аас ирсэн нийт  57 оюутнаас халдвар илрээд байна. Сайн мэдээ дуулгахад халдвар аваад ХӨСҮТ-д эмчлүүлж байсан хоёр хүн эдгэрч өнөөдөр эмнэлгээс гарлаа" гэв.

 

Монгол Улсад COVID-19 халдварын тохиолдол 141 боллоо. Үүнээс 28 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин