Ажлын бус өдрүүд Москваг 70 тэрбумын алдагдалд оруулжээ
2020-05-22

 

 

Дөрөвдүгээр сарыг ОХУ ажлын бус өдрүүд болгосонтой холбоотойгоор тус улсын нийслэл Москва хот 68 тэрбум рубль /монгол мөнгөөр 2,5 их наяд орчим төгрөг/ -ийн алдагдалд оржээ. Энэ талаар Москвагийн санхүүгийн хэлтэс мэдэгдсэнийг Regnum агентлаг дамжууллаа. 

 

Орлогын албан татвар болон ашгийн татвар нь төсөвт орох мөнгөний гол эх үүсвэрүүд байдаг бөгөөд харин ийнхүү хөдөлмөрийн үйл ажиллагаа өнгөрсөн сард бүрэн зогссоноор дээрх хэмжээний алдагдалд орсон байна.

 

"2020 оны дөрөвдүгээр сард орлогын албан татвар 2019 оны мөн үеийнхтэй харьцуулахад 23,6 хувь буюу 24,1 тэрбумаар буурсан" гэж Санхүүгийн хэлтэс мэдэгджээ. Түүнчлэн ашгийн татвар 32,3 хувь буюу 44,1 тэрбум рублиэр буурсан байна.

 

Энд дуулгахад, Оросын Засгийн газар коронавирусийн цар тахлын улмаас илүүтэй хохирол амсаж байгаа салбаруудын жагсаалтыг гаргасан юм. Улмаар энэ жагсаалтын дагуу аж ахуйн нэгжүүд даатгал болон татварын шимтгэлийг төлөх хугацаа хэтрүүлэх эрхтэй болсон. Бизнесийн салбарынхан энэ боломжийг ашигласнаар төсөвт орох мөнгөний хэмжээ ийнхүү эрс багасчээ.

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин