Д.Нямхүү: Хоёр оюутан эдгэрч гарлаа
2020-05-24

 

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.05.24/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ.  5381000  хүн халдвар авч,  343 мянган хүн нас барж, Сүүлийн 24 цагийн байдлаар дэлхий нийтэд 93 мянган хүн шинээр өвчилж, 1900 гаруй хүн нас барсан.  Манай улсад нэг хүн ажиглалтад шинээр орсон. Таван хүн ажиглалтаас гарч, гэрийн ажиглалтад шилжсэн. Нийт 1391  хүн ажиглалтад байна. Ажиглалтад байсан нэг хүн халуурч ХӨСҮТ-рүү шилжсэн.  Орон нутгийн 16 чиглэлийн галт тэргэнд төмөр замын нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтан ажиллаж, 4656  зорчигчдод коронавирусийн тандалт хийлээ. Коронавирусийн сэжигтэй тохиолдол  илрээгүй. 119 дугаарын утсанд  153 дуудлага ирсэн байна.  119 шуурхай дугаарын аппликейшнд 11 дуудлага ирсэн.

 

Дэлхийн хэмжээнд халдварын тоогоор АНУ, ОХУ,  Бразил, улсууд тэргүүлж байна. АНУ-д 24 мянга гаруй шинэ тохиолдол, 1800 гаруй нас баралт нэмж  бүртгэгджээ. ОХУ-д 9400  гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 336 мянга гаруй болсон байна. Харин Бразил улсад 16 мянга гаруй тохиолдол нэмж бүртгэгджээ. Тус улсын нийт батлагдсан тохиолдол 347 мянга гаруйд хүрээд байна.  Мөн өдөр 1000 гаруй хүн нас барж, нийт нас баралт 21 мянга гаруй болсон байна. Сингапур улсад 642 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 11 нь тус улсын иргэн, байнгын оршин суугчид, үлдсэн тохиолдол нь цагаач ажилчид байна. Тус  улсын эмнэлэгт 711 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 16 мянга гаруй хөнгөн тохиолдлуудыг тусгайлан бэлтгэсэн байранд ажиглаж байна. Эдгэрч гарсан 14 мянга гаруй хүн байгаа бөгөөд нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 31 мянга гаруйд хүрээд байгаа аж.   БНСУ-д бямба  гарагт 25 тохиолдол нэмж бүртгэгджээ. Харин БНХАУ-д гурван  шинэ тохиолдол, 36 шинж тэмдэггүй халдвар  бүртгэгдсэн байна.

 

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 66  хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй. ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 35, Дархан-Уул аймгийн салбар лабораторид 31 хийсэн. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 11 хүн, ажиглах байранд тусгаарлагдсан 19 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор 5 сорьцод шинжилгээ хийсэн.  Дархан-Уул аймгийн салбар лабораторид 30 ачаа тээврийн жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байгаа нэг хүний давтан  шинжилгээ хийсэн.  Коронавирус илрээгүй. Өнөөдөр хоёр оюутан эдгэрч гарлаа.  ХӨСҮТ-ээс гарч, дараагийн хяналт руу шилжлээ.  Манай нийт батлагдсан 141, эдгэрсэн 32 боллоо.  109 хүн  эмчилгээнд байна. Эмчилгээнд байгаа 84 хүний биеийн байдал хөнгөн, 25 хүний биеийн байдал хүндэвтэр байна.   Монгол улсад дархлаажуулалтын 10 хоног  энэ сарын 20-30-ны хооронд хийгдэж байгаа. Жил бүр хоёр удаа нөхөн дархлаажуулалт явагддаг.

Г.Мичидмаа

 

Shuud.mn
Сонин хачин