Монгол Улсад замын хөдөлгөөний дүрэм үүсч хөгжсөний 95 жилийн ой тохиож байна
2020-05-24

 

Монгол Улсын анхны Замын хөдөлгөөний дүрэм 1925 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Засгийн газрын 18 дугаар хуралдаанаар баталжээ.

 

Үүнээс хойш 12 удаа шинэчлэн батлагдаж, 5 удаа нэмэлт өөрчлөлт орж, 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Замын хөдөлгөөний дүрмийг 27 бүлэг, 224 зүйл, 4 хавсралттайгаар шинэчлэн баталж 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхлээд 95 жилийн хугацаа өнгөрөөд байна.

 

 

Замын хөдөлгөөний дараалал тогтоож, хөдөлгөөнд оролцогчдын эрхийг хамгаалахад чиглэгдсэн эрх зүйн актыг баталсан энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан иргэдийн замын хөдөлгөөнийг дүрмийн мэдлэгийг нэмэгдүүлэх, сурталчлан таниулах ажил арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Иймд иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмийг чанд сахин биелүүлснээр өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг найдвартай хамгаалах ач тустай гэдгийг тогтмол санаж, зөв амьдралын хэвшлийг бий болгоорой гэж Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.

 

 

Аливаа гал усны уурын хүчээр явах тэрэг зэргийн БНМАУ-ын хязгаарын дотор хэрхэн хэрэглэхийн түр дүрэм

 

Нэгдүгээр зүйл: Энэхүү дүрэм хэмжээг шүүн тогтоосон учир нь аливаа гал усны хүчээр явдаг юмыг ачих ба хүнийг зөөх зэргийн тэрэг нааш цааш зөөхөд дор жагсаасан дүрмүүдийг ёсчлон дагаж хойч өдөр хүн малыг дайрах мэтээр хэрэг гарахыг хянуулбаас зохимой.

 

Хоёрдугаар зүйл: Монголын хязгаар дотор ажил хийж буй тэрэг бүр Аж ахуйн явдлын яам нь шийтгэл үйлдүүлсэн Европын ба Монголын тоогоор бөгөөд томоор бичсэн зэрэг маяг хэмжээний дугаарыг хоёр хувь авч тэрэгний өмнө хойно хоёр дор ил газар өлгөж явбаас зохимой.

 

Гуравдугаар зүйл: Арван найман нас эс хүрсэн ба харалган, жич дүлий хүмүүсийг тэрэгний жолоочид хэрэглэж үл болмой.

 

Дөрөвдүгээр зүйл: Архич хүмүүсийг тэрэгний жолоочид хэрэглэж үл болмой.

 

Тавдугаар зүйл: Тэрэгний жолооч нь гал усаар хөдлөх машиныг явуулах хэрэглэх сургууль төгссөн үнэмлэх бичигтэй хүмүүс болмой. Үүн дор тайлбарлах нь:

 

Нэг: Тавдугаар зүйлд дурьдагдсан үнэмлэх бичгийг Аж ахуйн явдлын яамны машин зэрэг хэргийг эрхлэх тусгай хүмүүсээс жолооч болох хүмүүсийг шалгаж үзсэн чадхуй дор олговоос зохимой.

 

Хоёр: Жолооч болохын үнэмлэх бичиг олохыг хүсэгчид өөрийн биеийн зураг хоёр хувийг хүргүүлэхээс гадна татвар янчаан гурвыг тушааваас зохимой.

 

Гурав: Гадаад улсын албан газраас жолоочийн сургууль төгссөн үнэмлэх бичиг бүхий хүмүүст 5-р зүйлд заасан бичгийг олгохдоо шалгахгүй бөгөөд гагцхүү биеийн дор өвчин эмгэггүй хэмээн доктороос олгосон үнэмлэх бичгийг албаны газар хураан авч тэмдэг болговоос зохитой. Аливаа хөл доголон буюу нэгэн нүд сохор зэргийн биедээ эмгэг бүхий хүмүүс жолооч болмой.

 

Зургаадугаар зүйл: Аливаа хүмүүн уурын тэргийг явуулж сурахыг хүсбээс эрх биш мэдэх чадах бөгөөд жолоочийн үнэмлэх бичиг бүхий хүмүүний хамт түүний заавраар сургууль үйлдвээс зохихын гадна хүн малгүй сул газар болмой.

 

Долдугаар зүйл: Тэрэг бүрт чиглэгэн гэрэл өмнө нь хоёр цагаан хойд талд нь улаан цагаан өнгийн хоёр бөгөөд эдгээрийг наран шингэхээс эхлэн наран гартал хэрэглэвээс зохимой. Өмнөх хоёр цагаан гэрлийг зам харж явахад хэрэглэмой. Улаан гэрлийг хойноос явж буй тэрэгний жолоочид тэмдэг болгомой. Цагаан гэрлээр тэрэгний дугаарыг сайтар гэрэлтүүлж сайн нүдтэй хүнийг 50 алхам газраас харж танихад бэлтгүүлбэл зохимой.

 

Наймдугаар зүйл: Тэрэг бүрт дуу гаргаж дохио өгөх бүрээ машин хэрэглэвэл зохино. Сирен хэмээх бүрээний дуу урт бөгөөд чанга учир морь малыг ихэд цочоон айлгах тул түүнийг хэрэглэж үл болно.

 

Есдүгээр зүйл: Тэрэгний жолооч замаар явахдаа байгаа чинээгээрээ дараа дараагаар дохио өгч гудамж бүхий газар төв голоор явж гэм гаргахгүйг хичээж явахаас гадна учиргүй бүрээг дугаргаж үл болмой.

 

Аравдугаар зүйл: Хот ба хэсэг айлын зэрэг хүн мал олонтой газруудад уурын тэргийг нэгэн цагийн дотор 15 миллээс хэтрэхгүйгээр явуулбал зохимой.

 

Арваннэгдүгээр зүйл: Нарийн ба багахан мухар гудамж, зах зээлийн зэрэг олон хүнтэй газруудад уурын тэргийг нэгэн цагт 5 милээс хэтрүүлэлгүй явуулбал зохимой.

 

Арванхоёрдугаар зүйл: Олон хүний нааш цааш явж буй гудамж ба зах зээлийн газарт өмнөх явж буй уурын тэргийг хойноос нь хөөн ирж урьд нь орж явах ба мөн өмнөөс явсан тэрэгний хойно ойр наалдан явж үл болмой.

 

Арвангуравдугаар зүйл: Зай бага гудамжны буланг эргэж тойрон гарахдаа таван миллээс хурдан биш бөгөөд бүрээгээ уртаар дуун гаргаж дохио өгч явахаас гадна эргэж тойрон гарах булангаас холоор зайлсхийн өнгөрвөл зохимой.

 

Арвандөрөвдүгээр зүйл: Аливаа замд уулзсан морь мал зочин үргэх айх бөгөөд хүн малд аюултай учир зүйл тохиолдох нь магадлашгүй болох бөгөөд жолооч тэргээ даруй зогсоож тэрхүү морь малыг гэмгүй өнгөрүүлэхийг хичээвэл зохимой.

 

Арвантавдугаар зүйл: Урд урдаасаа ирсэн хоёр уурын тэрэг уулзах тухайд нь жолооч нар харилцан бүрээгээр буюу гараар анхнаасаа хэрэглэж заншсан дохио тэмдэг өгөлцөж замаа заалцаж зөрөлдөн өнгөрүүлбэл зохимой.

 

Арванзургаадугаар зүйл: Замд уулзсан жин тээгчид ба аливаа аянчин жинч уурын тэрэг лүгээ зөрөлдөн өнгөрөхдөө уурын тэрэгнүүд баруун гараа дагаж явбал зохимой.

 

Арвандолоодугаар зүйл: Дээрх 16-р зүйлд дурьдсан жин тээгчид ба сүрэг мал адуу лугаа уулзваас жолооч нар тэргээ татаж нэгэн цагийн дотор 10-н миллээс хэтрэхгүй бөгөөд холуур зайлсхийн явуулж тэрхүү мал адгуусыг айлган зовоохгүй аргыг эрвээс зохимой.

 

Арваннаймдугаар зүйл: Ус голыг гүүр ба уул даваа мэт нарийн бөгөөд аюултай замыг өнгөрөхөд уурын тэрэгний жолооч нар маш хичээж тэрэг дотор суугаа хүмүүс ба урьдаас ирж уулзсан хүн малын амар өнгөрөхийг бодохоос гадна хэрэв тэр мэтийн гүүр ба зам дээр жинчин аянчин ба сүргээр адуу мал уулзваас жолооч нар тэргээ даруй зогсоож гэм төвөггүй өнгөрсөн хойно цааш явбал зохимой.

 

Арванесдүгээр зүйл: Хэрэв замын гүүр аливаа хүнийг уурын тэргээр дайруулах мэтээр осолдон аюул тохиолдуулбал тэрэгний жолооч нар тэрхүү хүнийг өөрийн тэргэнд суулгаж ойр дөт бүхий эмч эмнэлгийн газар айлд хүргэж эмнэхүй аргалхуйд бэлтгүүлбэл зохино.

 

Хорьдугаар зүйл: Аливаа уурын тэрэгний жолооч нар хүнгүй хээр газар явахдаа бие биеэ харилцан туслалцваас зохихоос гадна огт явж чадахгүй болсон зэрэг тэрэгний туслалгүй зүгээр орхиж үл болмой.

 

Хориннэгдүгээр зүйл: Жолооч нар энэхүү дүрмийг дагахгүй зөрчигчид гарвал тэд нарыг эрүүгийн хуулиар шийтгэхээс гадна шүүх таслах газарт хэргийн онц хүнд ба чухалыг үзэж уурын тэргийг ч албанд хураавал болно. Басхүү жолооч нарын осол омтгойгоос болсон аливаа шийтгэлийг тэрхүү тэрэгний уг эзний этгээдээс хөөн төлүүлбэл зохино.

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Баяр маяр гэж юу солиороод бнаа, наад замын хөдөлгөөнийхөө дүрмийг шинэчилж өөрчлөөч, цаг хугацаанаасаа их хоцорч бна шүү дээ. Аваар осол их гарч байгаа шалтгааны нэг бол наад дүрэм чинь хоцрогдсон бна.
2020-05-24